Хамгийн их өртгөөр боссон объектууд - 3
- schedule 2016 оны 3 сарын 21
- chat_bubble 0
Хүн төрөлхтөн хөгжихийн хэрээр асар том объектуудыг босгосоор ирсэн. Эрт дээр үеээс өнөө үед өвлөгдөн үлдсэн аугаа пирамидууд, Цагаан хэрэм, шашины сүм дуганууд, хаадын орд харш өргөөнүүд гэх мэт олон барилга байгууламжууд бий.
Харин өнөө үед хамгийн хөрөнгө мөнгө, хүч хөдөлмөр зарцуулан босгосон зарим обьектуудыг товч танилцуулахаар бэлтгэлээ. /Энд танилцуулах обьектуудыг инфляци тооцсон үнээр бус тухайн үеийн үнэ цэнээр тооцсон болно/
Циндаогийн гүүр /Чиаожоу булангийн гүүр/– 9.37 тэрбум ам.доллар
Дэлхийн хоёр дахь урт гүүр. Даньян-Куньшанийн их гүүр баригдахаас өмнө хамгийн урт гүүр байсан. Чиаожоу булангийн хойд хэсгээр Циндао болон Хуандау хотуудыг холбодог замын нэг хэсэг. Уг гүүр нь 2011 оны 11-р сард ашиглалтад орсон ба нийтдээ 42.5 км урт бөгөөд үүний 26.7 км нь усан дээгүүр тавигдсан. Өдөр бүр 6 эгнээтэй уг авто гүүрээр 30 мянган автомашин зорчдог.
Готард бэйз төмөр замын хонгил / Gotthard Base tunnel/– 10.5 тэрбум ам.доллар
Швейцариас Италийн Милан хүртлэх галт тэрэгний замын нэг хэсэг болсон Швейцарийн Эрстфед тосгоны орчмоос Бодио тосгон хүртлэх 57 км урттай хоёр урсгал /хос хонгил/ бүхий төмөр замын хонгилыг Альпийн уулсыг нүхлэн тавьж байгаа ба 2016 онд бүрэн ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа. Төсөл 1996 оноос эхэлж зүүн талын хонгилыг 2010.10.15-нд, баруун хэсгийг 2011.03.23-нд нүхэлж дуусжээ. Энэ хонгил зам нь нийт 151.84 км-ийн урттай аж.
Энэ хонгил ашиглалтад орсноор дэлхийн хамгийн урт төмөр замын хонгил болох юм. Одоо Японы Хонсю, Хоккайдо арлыг холбосон далай доогуурх төмөр замын Сейкан хонгил /53.85 км/ хамгийн урт байгаа.
Готард хонгил ашиглалтад орсноор Цюрих Миланы хооронд 3 цаг 40 минут явдаг байсан галт тэрэг 2 цаг 50 минут явж 50 минутын хэмнэлт гарах гэнэ. 20 жил үргэлжилж байгаа төслийн нийт өртөг 9.8 тэрбум швейцар франк буюу 10.5 тэрбум ам.доллар ажээ.
Хонгконг-Жухай-Макао гүүр /Чиаожоу булангийн гүүр/– 10.7 тэрбум ам.доллар
Хятадын онцгой бүсүүд болох Хонгконг, Макао болоод Жухайг хотуудыг холбосон 47.6 км урт гүүрийг 2009 оноос босгож эхэлсэн бөгөөд барилгын ажлыг 2015 онд дуусгаж 2016 онд нээхээр төлөвлөж байна. Энэ гүүр нь газар ба усан дээгүүрх дэлхийн хамгийн урт гүүрүүдийн нэг байх гэнэ.
Зүүн Азийн чухал гурван хотыг холбосон гүүрийн хамгийн урт хэсэг нь 280-430м урт кабель бүхий гурван баганатай 29.6 км дүүжин гүүр ажээ.
Олкилоуотогийн Атомын цахилгаан станц /– 11 тэрбум ам.доллар
Финляндын баруун өмнөд хэсгийн Ботниа булангийн Олкилоуотогийн хойгт барьж буй атомын цахилгаан станцын /3-р реактор/ нийт өртөг нь 8.5 тэрбум евро буюу 11 тэрбум ам.доллар байгаа аж.
Раума хотоос хойд зүгт 25 км-ийн зайд байдаг Олкилоуотогийн АЦС хоёр реактортой бөгөөд 1973 оноос барилгын ажил эхэлж 1979 онд ашиглалтад орсон /1978 онд ашиглалтад оруулсан 1-р реактор 880 мВт, 1979 онд - 2-р реактор 860 мВт хүчин чадалтай./ Энэ АЦС Финляндын нийт эрчим хүчний 16 хувийг хангадаг ажээ.
Одоо гурав дахь реакторыг /Францын Арева компани/ босгох ажил 2005.08.12-нд эхэлсэн ба 2016 онд дуусгахаар төлөвлөж байгаа аж. 3-р реакторын хүчин чадал 1,600 мВт.
Энэ төслийн өртөг маргаан дагуулсан байдаг. 2005 онд анх 3 тэрбум евро байсан боловч 2012 онд Арева компани тооцоогоо өөрчлөн 8.5 тэрбум евро болгосон.
Жеймс булангийн төсөл/James Bay Project/ – 13.8 тэрбум ам.доллар
Гидро-Квебек төсөл бол дэлхийн хамгийн том усан цахилгаан станцын төсөл юм. 1974 онд эхэлсэн Ла-Гранд голын сав газар болон бусад голууд дээр байгуулагдсан энэ усан цахилгаан станцын нийт хүчин чадал 16,000 мВт. Өртөг нь 1987 оны тооцоогоор 13.7 тэрбум канад доллар.
Усан цахилгаан станцын нийт усан сангийн талбай нь 177,000 км.кв буюу Флорида мужаас том гээд бодохоор хэдий том нь төсөөлөгдөж байгаа биз ээ.
Уг усан цахилгаан хоёр дахь төсөл нь ашиглалтад орсноор нийт 27,000 мВт хүчин чадалтай болох гэнэ. Нийт өртөг нь 20 тэрбум ам.доллар.
Бостоны их хонгил /Boston Globe - Dig Big tunnel/– 14.8 тэрбум ам.доллар
8 эгнээтэй хурдны замын 5.6 км урттай Бостоны их хонгилыг /Тед Уиллиамын гэж бас нэрлэдэг/ 14.8 тэрбум ам.долларын өртгөөр 2007 онд барьж ашиглалтад оруулжээ. Энэ нь АНУ-ын түүхэнд хамгийн өндөр өртгөөр боссон зам болжээ.
1982 онд барилгын ажил нь эхэлсэн хонгилыг 150 гаруй кран, 5000 гаруй хүн ажиллаж өдөр бүр 1200 ачааны машинаар хөрс шороо зөөдөг байжээ.
Дээрх хонгил нь 2038 он хүртэл үргэлжлэх 22 тэрбум ам.долларын төсөвтэй Бостон Глобе төслийн нэг хэсэг юм.
Олон улсын халуун цөмийн туршилтын реактор /ITER/– 16 тэрбум ам.доллар
Халуун цөмийн туршилт явуулах зорилгоор Францын өмнөд нутагт Марселиэс 60 км-т Кадараш төвийг 2007 оноос барьж буй. Тус реакторын барилгын ажлыг 2019 онд дуусгахаар төлөвлөсөн ба 2020 он гэхэд реактор ажиллаж плазмын туршилт эхлэх гэнэ. 2027 оноос бүрэн хүчин чадлаараа ажиллаж deuterium-tritium халуун цөмийн туршилт явагдана.
Реакторын /халуун цөмийн/ чадал нь 0.5 гр deuterium-tritium –аар 1000 секундэд 500 мВт буюу нэг секундэд 16 мВт эрчим хүч гаргах ажээ.
Уг төслийн 45 хувь нь Европын холбоонд, Японд, Энэтхэг, Хятад, Орос, БНСУ, АНУ-д тус бүр 9 хувь нь хамаардаг байна.
Гурван хавцлын УЦС /Three Gorges hydropower plant/– 26 тэрбум ам.доллар
Хятадын Хөх мөрөн дээр усан цахилгаан станц болон далангийн аварга том төсөл 1994 онд эхлээд 2011 онд баригдаж дууссан байдаг.
Хубей мужийн нутагт Саньдоупин хотын орчимд байх Гурван хавцлын УЦС нь дэлхийн хамгийн өндөр өртөгтэй байгууламжуудын нэг.
Дэлхийн хамгийн том УЦС нь 22,500 мВт суурилагдсан хүчин чадалтай. Итайпугаас хоёр дахин илүү. Гэвч бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаагүй. Харин далангийн байгууламж нь дэлхийд 2-рт ордог.
Тус бүр 700 мВт хүчин чадалтай 32 турбин, 50 мВт чадалтай 2 турбин ажиллаж ахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг. Уг аварга төслийг 180 тэрбум юань буюу 26 тэрбум ам.долларын өртгөөр босгосон. 2012 онд 98,1 тэрбум кВт/цаг эрчим хүч үйлдвэрлэн гаргаж байжээ.
Тус далангийн байгуулахын тулд 1.3 сая гаруй оршин суугчдын нүүлгэн шилжүүлсэн гэдэг.
Тус усан сангийн урт нь 600км, өргөн нь 1.1 км, нийт талбай 1,045 км.кв, ус хураах талбай нь 1сая км.кв.
Итайпу УЦС /Itaipu hydropower plant/ – 26 тэрбум ам.доллар
1975-1984 онд баригдсан Бразил, Парагвай улсын хил дээр орших Парана мөрөн дээр байдаг цагтаа дэлхийн хамгийн том усан цахилгаан станц байсан /одоо хамгийн том далан/ Итайпу УЦС-ын суурилагдсан хүчин чадал 14 гВт.
198 м-ийн өндөртэй далантай Итайпу УЦС тус бүр 700 мВт хүчин чадалтай 20 турбин ажиллаж цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг.
Уг станц 2007 он хүртэл дэлхийн хамгийн том УЦС гэгдэж хамгийн их эрчим хүчийг гаргаж байжээ. 2012 онд 83.7 тэрбум кВт/цаг эрчим хүч гаргаж байсан бол 2013 онд хамгийн их 98.63 тэрбум кВт/цаг эрчим хүч үйлдвэрлэн гаргасан байна.
Тус усан сангийн урт нь 170км, өргөн нь 12 км, нийт талбай 1,350 км.кв, ус хураах талбай нь 1,350 сая км.кв.
Алдарт Итайпу УЦС нь Парагвайн нийт эрчим хүчний 75, Бразилийн 17 хувийг хангадаг. Хоёр улс 20 генераторыг /турбины/ 10, 10-аар нь хуваан авсан байдаг.
Олон улсын сансарын станц /The International Space Station (ISS)/ – 157 тэрбум ам.доллар
Өнөө үеийн хамгийн өндөр өртөгтэй төсөл бол Олон улсын сансарын станц юм. ОХУ /ЗХУ/-ын “Мир станц халааг авсан сансарын “зочид буудал”-ыг 1998 онд анхны модулийг Байконураас хөөргөн
модуль модулиар нь сансарт хөөргөж 2011 оноос дэлхийн тойрог замд оруулан ашиглалтад оруулсан.
Уг төсөлд Европын сансарын агентлаг, ОХУ, АНУ, Япон, Канадын сансрын агентлагууд оролцсон.
ОУСС өнөөдөр 72.8 м урт, 108.5 м өргөн /эрчим хүч авах хавтангийн хамт/, 20 өндөр, 916 м.куб эзэлхүүнтэй, 450 тн жинтэй байна. Секундэд 7.67 км хурдтайгаар дэлхийг 91,924 удаа тойроод байна.
Өнөөгийн байдлаар 42 баг, 15 улсын сансрын нисэгчид зочлон очоод байна.
Холбоотой мэдээлэл:
Хамгийн их өртгөөр боссон объектууд - 1
Хамгийн их өртгөөр боссон объектууд - 2
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...