Бүхнийг тольдогч “Газрын нүд” буюу Ришатын тогтоц
- schedule 2014 оны 12 сарын 5
- chat_bubble 1
Газрын гадаргуу дээр хачирхалтай сонин “нүд” байдгийг сансрын нисэгчид 1982 онд манай дэлхийг сансраас харахдаа анх удаагаа олж үзсэн байна. Тавин километрийн голчтой энэ “нүд”-ийг зөвхөн их л өндрөөс харах бололцоотой учраас Сахаарын цөлд (түүний Мавританы хэсэгт) ийм ер бусын зүйл байдгийг өмнө нь хэн ч урьдчилж мэдээгүй байсан ажээ. Ришат буюу “Сахаарын нүд” ч гэж нэрлэгддэг геологийн энэ тогтоцын тэг дугуй хэлбэр нь түүний үүсэл гарлын талаар одоог хүртэл маргаан дагуулсаар байна.
Жишээ нь, анхны нэгэн таамагт энэ бол газар дээр сүүлт од унаснаас улбаалан гарч ирсэн зүйл байх гэж үзэж байжээ. Гэвч энэ таамаг дорхноо няцаагдсан юм. Яагаад гэвэл энэ бүтцийн ёроол нь тэв тэгшхэн бөгөөд, хэрэв сүүлт одны “ул мөр” гэвэл ёроолд нь хүнхэр хэлбэртэй цорго үүсэх байсан гэдэг байна. Өөр нэг таамагт энэ газар ямар нэг үл мэдэгдэх шалтгаанаар дороосоо өргөгдөх үед дээрх хөрс нь аажмаар халцарч эвдэрсэн байх гэсэн онолыг дэвшүүлсэн байдаг.
Өнөөдрийн байдлаар энэ тогтоцын талаархи хамгийн байж болох онол таамаг бол урт хугацааны туршид дүрсээ өөрчилсөөр ирсэн галт уулын цар болов уу гэж баталж байгаа явдал юм.
“Сахарын нүд” их ч үгүй, бага ч үгүй яг 600 сая жилийн настай нь сонирхолтой юм. Ийм их насжилттай болохоор нь Гуэль-Эр-Ришат (Сахарын цөлийн Мавританы хэсэг дэх Уадан сууринтай зэргэлдээ оршдог. Орч) хэмээн нэрлэгддэг энэ тогтоцыг зарим нь Атлантидууд оршин байсны баталгаа болон үлдсэн гэж үзэж байхад, нөгөө зарим нь энэ бол өөр гаригаас үүдэлтэй ер бусын урлаг гэж баталдаг.
Газрын гадаргуу дээр орших ямар гээчийн сонин хачин үзэгдэл болохыг нь эрдэмтэд тайлж чадахгүй будилж байх зуур Ришат хэмээх энэ тогтоц Мавритины онцгой анхаарал татсан, гайхамшигт газар болсон байна. “Сахаарын нүд”-нд хамгийн ойрхон орших Уадан сууринд аялал жуулчлалын бизнес газар сайгүй цэцэглэж, оршин суугчдын дийлэнх хэсэг нь хөтчөөр ажиллан, цөлийн бахархал болсон Гуэль-Эр-Ришатыг жуулчдад нүүр бардам үзүүлж, түүнтэй холбогдсон домог хуучийг ярьж өгдөг байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...