Төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн Төлөөлөн удирдах зөвлөлд төрийн захиргааны албан хаагч ажиллахгүй
- schedule 2014 оны 11 сарын 27
- chat_bubble 0
Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу байгуулагдсанаас бусад төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд цаашид төрийн өмчийн төлөөлөгчийг томилохдоо аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх мэдлэг, туршлагатай, ашиг сонирхлын зөрчилгүй, хувийн хэвшлийн төлөөлөл болон салбарын мэргэжилтэн, бусад төлөөллийг оролцуулж байх чиглэл баримтлахыг Төрийн өмчийн хороонд даалгалаа.
Төрийн өмчийн төлөөлөгчөөр төрийн захиргааны албан хаагчдыг томилж байгаа нь зах зээлийн өрсөлдөөний эрүүл, шударга орчинг алдагдуулах сөрөг нөлөөтэй гэж үзэж байна. Яам, агентлагийн төлөөлөл нь бодлого боловсруулагч, хууль тогтоомж, салбарын зохицуулалтыг хэрэгжүүлэгчийн хувьд төрийн өмчийн төлөөлөгчөөр ажилладаг компани, аж ахуйн нэгжид аливаа хэлбэрээр давуу эрх олгох явдал гардаг байна. Мөн тухайн компанийн үйл ажиллагаанд улс төрийн зүгээс үзүүлэх дарамт, шахалт, сөрөг нөлөөлөл нэмэгддэг гэж үзэж байна. Төрийн албан хаагчид давхар ажил эрхэлдэг тул Төлөөлөн удирдах зөвлөлийн хэвийн үйл ажиллагаа тасалдах зэрэг сөрөг үр дагаварууд гарч байгаа юм.
Өнөөдрийн байдлаар төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 57 компани Төлөөлөн удирдах зөвлөлтэй бөгөөд давхардсан тоогоор 474 хүн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна. Үүнээс 144 нь хараат бус гишүүн бол давхардсан тоогоор 176 төрийн албан хаагч Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүнээр ажиллаж байгаа юм.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...