Аяганд дэлбээлэх цэцэгс, амт, үзэмж төгөлдөр
- schedule 2014 оны 11 сарын 27
- chat_bubble 0
Хүмүүс өглөө бүрийг өөр өөрийнхөөрөө л эхэлдэг: Бидний зарим нь гүйж, хэн нэг нь аяга кофе ууж, бас хэн нэг маань цэцэг дэлбээлсэн, амт тансаг, үзэмж төгөлдөр цайг ч ууна.
Цайны гүцэнд, эсвэл аяган дотор цэцэг дэлбээлүүлэгч ид шидийн “бортого” байдаг нь европынхны нүдийг нь бүлтийлгэх буйзаа.
Харин бүтээгчдийнх нь хувьд энэ нь ердөө ч шинэ зүйл биш. Бүүр XII зуунд л Хятадад эзэн хаандаа цэцгэн цайг өргөн барьж байсан байдаг.
Хятадууд үүнийгээ “холбоотой” цай гэцгээдийн учир нь энэхүү цайг үнэхээр торгон юмуу, даавуун утсаар холбож ороодогт байдаг аж. Цайг бэлтгэх тийм ч амаргүй. Цайны навчийг Юньаний баруун өмнөд хэсэгт болон Хятадын Хунань, Сычуань, Фуцзянь мужуудад борооны улирлын үед бэлтгэдэг. Навчисыг тусгай аргаар бэлтгэн хатаасны дараа ангилан ялгаж, нэхмэлийн тасаг руу шилжүүлдэг юм байна.
Тэнд навчуудыг нь хэсэг хэсгээр нь нийлүүлэн багцалж дунд руу нь хоёр юмуу, бүхэл бүтэн цэцгийг багцлан нэмж шургуулдаг байна. Энэ бүгдийгээ утсаар ороож, үзүүр хэсгүүдийг байцаа аятай “хумьж” өгнө. Ингэж бэлдсэн “бортогонууд”-ыг нийлэг материалаар ороож , зохих хэлбэрт нь оруулаад хатаалгын зуух руу илгээнэ.
Ингэж боосон цай нь цэцэг болон өвс ургамалын тансаг сайхан үнэртэй, ихэнхдээ ногоон, хаяа нэг цагаан, түүнчлэн хар өнгөтэй байдаг ажээ. Жингийн ялгаанаас гадна ( янз бүрийн хэмжээтэй саванд чанахад зориулж орц бүр нь 6-аас 10 грамм байдаг) цэцгэн цай нь дугуй, зуувин, цагираган, зүрхэн, тавган, бөөрөнхий, мөөгөн, одон, хаяа нэг загасан, эсвэл луун хэлбэрээрээ бие биеэсээ ялгагддаг.
Гэвч энэ цайны бүхий л төрлийг ганцхан зүйл нэгтгэдэг. Энэ нь тэдгээр цайнууд гоо үзэмжээрээ илбэдэж, голохын аргагүй амтаараа бишрүүлэн байдагт л оршдог аж. Цайнуудын найрлагад “Цагаан лянхуа”, “Дурлалын цэцэг”, “Тансаг бортого”, “Цэцэгсийн бурхан” гэх мэтээр өхөөрдөн энхрийлж, ерөнхийлөн нэрлэсэн (орос хэлэнд: “хризантем, жасмин, османтус, лилия, гибискус, амарант, лаванда, клевер, камелия, календула, личи, пиона” гэж нэрлэгддэг цэцгүүд цайнд ордог аж. Орч.) 10 гаруй нэр төрлийн цэцэгс орсон байдаг ажээ.
Цэцгэн цайны энгийн цайнаас ялгагдах бас нэг том ялгаа нь түүнийг чанахад байдаг гэнэ. Эхэлж усаа хийгээд дараа нь усруугаа цайныхаа ороомгийг хийнэ. Эсрэгээр нь: эхэлж цайгаа хийгээд дараа нь усаа хийх юм бол усны гожигдолтоор “цэцэг”-ийн бүрэн бүтэн байдал эвдэгдэж болох бөгөөд цэцэг аяганд дэлбээлэх бус, сарниж бутрах нигууртай аж.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...