Хамгийн их өртгөөр боссон объектууд - 1
- schedule 2014 оны 11 сарын 24
- chat_bubble 0
Хүн төрөлхтөн хөгжихийн хэрээр асар том объектуудыг босгосоор ирсэн. Эрт дээр үеээс өнөө үед өвлөгдөн үлдсэн аугаа пирамидууд, Цагаан хэрэм, шашины сүм дуганууд, хаадын орд харш өргөөнүүд гэх мэт олон барилга байгууламжууд бий.
Харин өнөө үед хамгийн хөрөнгө мөнгө, хүч хөдөлмөр зарцуулан босгосон зарим обьектуудыг товч танилцуулахаар бэлтгэлээ. /Энд танилцуулах обьектуудыг инфляци тооцсон үнээр бус тухайн үеийн үнэ цэнээр тооцсон болно/
Курнелийн далайн ус давсгүйжүүлэх станц – 1.69 тэрбум ам.доллар
Сидней хотын усны хэрэгцээг хангахын тулд далайн усыг сорон авч давснаас нь салган хэрэглэхээр Австрали улс шийдсэн байна. Энэ зорилгоор Курнелийн далайн усыг цэвэршүүлэх станцыг 2010 оноос байгуулж эхэлжээ. Энэ станц хоногт 250-500 мегалитр /250-500 сая литр/ усыг цэвэршүүлдэг ба энэ нь Сидней хотын усны хэрэглээний 15-30 хувь байх ажээ.
Сансрын Шатлл хөтөлбөр – 1.7 тэрбум ам.доллар
АНУ-ын сансарын олон дахин ашиглах сансрын хөлгийн хөтөлбөр Шатлл хөтөлбөр.
АНУ сансарын орон зайд ноёлж байсан ЗХУ /ОХУ/-ын сансарын Союз хөлгийг давах зорилгоор олон дахин ашиглах сансарын хөлөг бүтээхээр Шатлл хөтөлбөрийг 1975 оноос эхлүүлж 1979 оноос хөлгүүдээ бүтээн, 1981 онд анхны нислэгээ хийсэн. 1981онд - Columbia, 1982 онд - Challenger, 1982 онд - Discovery, 1985 - Atlantis, 1991 онд - Endeavour гэсэн таван хөллөг бүтээсэн.
Энэ хөтөлбөрийн хүрээнд нийт 135 нислэг хийснээс 134 нь амжиллтай болж харин тэднээс 133 нь амжилттай газарджээ. 1986 онд Челленжер хөлгийн хөөрөх явц амжилтгүй болж дэлбэрсэн бол, 2003 онд Колумбиа хөлөг газардах явцдаа сүйрсэн.
Цаашид аюулгүйн ажиллагааны улмаас хөлгийг хөөрүүлэх боломжгүй гэж үзэн 2011 хөтөлбөрийг зогсоосон.
Нэг хөлгийн бүтээх /Endeavour/ зардал дунджаар 1.7 тэрбум ам.доллар. Нэг хөлгийн сансарт хөөргөх зардал 450 сая ам.доллар болдог байжээ. Харин нийт хөтөлбөрийн хүрээнд 2008 онд хүртэл 170 тэрбум ам.доллар зарцуулжээ.
Тайбэй-101 цамхаг – 1.8 тэрбум ам.доллар /58 тэрбум Тайвань доллар/
Тайванийн нийслэл Табей хотноо дэлхийг баганадсан 509.2м өндөр барилгыг 2004 босгож ашиглалтад оруулжээ.
Уг ганжир мэт 101 давхартай барилга нь 2010 он хүртэл дэлхийн хамгийн өндөр барилгын алдрыг хүртэж байсан юм. Одоо уг барилга дэлхийн 5 дахь өндөр барилга. /Дубайн Бурж Халифа, Меккагийн Абраж аль-Бейт, Шанхайн цамхаг, Нью-Йоркийн шинэ худалдааны төв/
Энэ барилгын доод давхруудад худалдааны төвүүд түүнээс дээш давхарт ресторан, зочид будал, офиссууд байдаг.
Цахилгаан шат нь цагт 60.6 км/цагийн хурдтай явдаг байна. 5 давхраас 89 давхарт байх ажиглалтын тавцан хүртэл ердөө 39 секундэд явна.
Барилга 380 төмөр бетонон баганатай, газар хөдлөлт, хүчтэй хар шуурганаас хамгаалан тэнцвэргүүлэх зорилгоор 87-91 давхрын хооронд 660 тн жинтэй бөмбөлөг дүүжлэгдэн байдаг ажээ.
Инженерүүдийн тооцоогоор онцгой гамшиг /газар хөдлөлт/ болохгүй бол 2500 жил уг барилга сүндэрлэж байх гэнэ.
Порт Стэнвак /Аделаиде дахь/ далайн ус цэвэршүүлэх /давсгүйжүүлэх/ станц – 1.83 тэрбум ам.доллар
Австрали улс мөн усны хэрэглээгээ хангах зорилгоор далайн усыг давсгүйжүүлэх станцыг 2012 онд Аделаиде хотод барьж дуусгасан байна. Порт Стэнвак станц нь өдөрт 300 мегалитр /300 сая литр/ жилд 100 гигалитр ус цэвэршүүлэх хүчин чадалтай гэнэ. Энэ нь 1.3 сая хүн амтай Аделаиде хотын хэрэглээний 50 хувь гэнэ.
Инчёон гүүр – 1.9 тэрбум ам.доллар
БНСУ-ын авто болон төмөр замын дүүжин гүүр Инчёон нь Инчёон хотоос Инчёон нисэх буудал хүрэх хурдны замын нэг хэсэг юм.
Фермерийн аж ахуйнууд дээгүүр дамнуулан барьсан гүүрний нийт байгууламж 4420м урт, 2 багана бүхий дундах дүүжин хэсэг нь 550 м урт хажуу дүүжин тус бүр 250 м урттай, өргөн нь 35 м, өндөр нь 230 м ажээ. Гүүр нь машины 8 эгнээ, төмөр замын 2 эгнээ замтай,
Тус гүүрийн төслийн ажил 2000 онд, барилгын ажил 2005 онд эхэлж 2009 онд ашиглалтад оруулжээ.
Ханчжоу булангийн гүүр – 2.0 тэрбум ам.доллар
БНХАУ-ын зүүн эргийн Ханчжоу булангийн гүүр Нибо хотыг Шанхай хоттой холбодог. Энэ гүүр нь дэлхийн хамгийн урт далай дээрх гүүр юм. Харин усан дээрх дэлхийн гурав дахь урт гүүр.
Гүүрний нийт урт нь 35,673 м урт бөгөөд чиглэл бүртээ гурван эгнээтэй. Цагт 100 км/цагийн хурдтай явах үг гүүрийг 100 жилийн баталгаатай гэжээ. Барилгын ажил 2003 онд эхэлж 2007 барьж дуусган 2008 онд ашиглалтад оруулжээ.
Их бүс /Great belt/ гүүр – 3.14 тэрбум ам.доллар
Данийн “Их бүс” гүүр бол дэлхийн гурав дахь урт дүүжин гүүр юм. Фюн болон Зеланд арлыг холбосон "Great belt" гүүр 3.14 тэрбум ам.долларын өртгөөр 1988-1998 оны хооронд 10 жилийн хугацаанд баригдсан байна.
Данийн баруун зүүн хэсгийн холбодог тус гүүр нь хоёр хэсэг /баруун, зүүн/ бөгөөд 27,600 машин өдөр бүр нэвтрэн гардаг ажээ.
Гүүр нь нийт 18 км урт замын төслийн нэг хэсэг бөгөөд уг төсөлд дүүжин гүүр, төмөр замын хонгил зам зэрэг багтдаг байна.
Зүүн гүүр нь 6790м урт, 37 м өргөн, 2 баганат/ 254 м өндөр/, 65м өндөр дүүжин гүүр /төв хэсэг нь 1624м, хоёр тал нь тус бүр 585м урт дүүжин/ ажээ.
Баруун гүүр нь 6611м урт, 25 м өргөн, 28м өндөр дүүжин гүүр /дүүжингийн урт 110м,/ ажээ.
Төмөр замын хонгил нь 8024 м урт, хамгийн гүн нь 75 м, хос замтай ажээ.
Жимми Картер шумбагч онгоц – 3.2 тэрбум ам.доллар
АНУ-ын байлдааны шумбагч онгоц “Далайн чоно” /Seawolf/ бол Америкийн шумбагч онгоцны гурав дахь хийгээд хамгийн сүүлийн төсөл юм.
1998 оноос үйлдвэрлэн 2004 онд ашиглалтад орсон 130 м урт, 12,130 тн жинтэй, 45 км/цагийн хурдтай “USS Жимми Картер” шумбагч өмнөх хоёроосоо урт /30м/, орчин үеийн шинэ техник, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон ажээ.
Мидоулэндс худалааны төв – 3.5 тэрбум ам.доллар
Нью Жерсийн Ист-Рутерфордод “Meadowlands” худалдаа энтертаймент төвийг 3.5 тэрбум ам.долларын өртгөөр босгож байна. 2015 оны сүүл 2016 оны эхээр нээлтээ хийх 450,000 кв.м талбайтай тус худалдааны төв нь 5 давхар, 300 гаруй их дэлгүүр, 30 гаруй мянган авто зогсоолтой байх гэнэ.
Остерсхельдекеринг – 3.75 тэрбум ам.доллар
Далайн шуурга давалгаанаас хамгаалах хяналтын Oosterscheldekering систем Нидерландын Eastern Scheldt-ийн баруун хэсэгт Noord-Beveland Schouwen-Duiveland арлуудын хооронд байдаг.
Рейн, Мааса, Шелды голын цутгалангууд далайд нийлэх /Хойд тэнгис/ хэсэгт байгуулсан үеэрээс хамгаалах 13 далан хаалт бүхий байгууламж нь 3.75 тэрбум ам.долларын өртгөөр босжээ. Уг том байгууламжийг 1976 онд эхлүүлж 1986 онд дуусгасан байдаг ажээ.
Дир Айлэнд /Deer Island/ дах бохир ус цэвэршүүлэх станц - 3.8 тэрбум ам.доллар
Зүүн Массачусетсийн Бостоны эрэг дээр бохир ус цэвэршүүлэх байгууламжийг 3.8 тэрбум ам.долларын өртгөөр 2000 онд босгожээ.
Санкт-Петербургийн үеэрээс хамгаалах далан – 3.9 тэрбум ам.доллар
ЗХУ /ОХУ/ Финийн буланд Бронкигоос Сестроецка хүртлэх Котлийн арлыг дайруулан Санкт-Петербург хотын үерийн уснаас хамгаалах даланг 1979-2011 онуудад барьж дуусгажээ.
Олон жил дамнан байж дуусгасан уг байгууламжийн нийт өртөг 3.9 тэрбум ам.доллар болжээ.
“Хатан хаан Элизабет” хөлөг – 3.9 тэрбум ам.доллар
Их Британийн тэнгисийн цэргийн нисэх онгоц тээвэрлэгч “Queen Elizabeth” хөлөг бол Британийн хамгийн том байлдааны хөлөг онгоц юм. 2014 оноос эхэлж барьж буй уг тээвэрлэгчийг 2016 онд ашиглалтад оруулах гэнэ. Уг хөлөг 5-р үеийн F-35C онгоцуудыг тээх зориулалттай ажээ.
Нисэх онгоц тээвэрлэгч 280 м урт, 70 м өндөр, 39м өргөн, усан суух гүн 11м, 70600 тн багтаамжтай, 16000м.кв тавцантай, 46км/цагийн хурдтай гэнэ.
Онгоцны байлдааны чадвар нь: 50 хүртлэх нисэх онгоц тээх чадалтай бөгөөд 24 цагт 110 онгоц хөөргөх, 15 минутад 24 нисэх онгоцыг хөөргөх, 24 минутад 24 онгоцыг буулгах чадалтай байх гэнэ. Ийм онгоц 2-ийг барьж босгох гэнэ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...