Б.Энхбайгаль: Эдийн засагт бодлогын реформ хэрэгтэй
- schedule 2014 оны 11 сарын 12
- chat_bubble 118588
Шинээр байгуулагдах Засгийн газар эдийн засгийн бодлогоо яаж тодорхойлохоос ирэх онуудын эдийн засаг шалтгаална. Засгийн газрын мөрийн хөтөлбөр, төсвийн төсөл, мөнгөний бодлого, сангийн бодлогын алинд нь ч баримтлах гол ноён нуруу, эрэмбэ дараа нь тодорхойгүй байна. Ихэвчлэн юунд тэргүүн зэргийн ач холбогдол өгөх нь тодорхойгүй, эдийн засгийн бодит бололцооноос давсан амлалтуудаар дүүрэн байдаг. Улс төрчдийн хувийн амбиц, тухайн үеийн сэтгэгдэлд хөтлөгддөг нь эдийн засаг өөдлөхгүй байх үндсэн шалтгаан.
Олон улсын эдийн засаг тогтворжих тийш хандаж байна. Бусад орнууд эдийн засгийн өндөр өсөөлтийн араас хөөцөлдөхийн оронд тогтворжих бодлого баримтлаад эхэллээ. 2014 онд өндөр хөгжилтэй орнуудын эдийн засаг 1.8, хөгжиж байгаа орнуудынх 4.4 хувь өсөх төлөвтэй байна. Евро бүсийн эдийн засаг санаа зовоосон хэвээр.
Алт, зэс, нүүрс, төмрийн, цайрын үнэд өсөх төлөв ажиглагдахгүй байна. 1960-аад оноос хойш өссөөр тэртэй тэргүй дээд цэгтээ тулаад бууж байгаа түүхий эдийн үнэ харин ч буурч болзошгүй төлөв ажиглагдаж байна. 2015 оны хувьд үнэ бага зэрэг буурна, өсөхгүй.
Одоо бол түүхий эдийн үнийн өсөлтөд найдаж, төсвөө өндөр өсөлттэй байхаар батлаад, дараа нь утаа уугитал хиншүү үнэртүүлж суух цаг биш.
Гадаадын шууд хөрөнгө оруулалтын ДНБ-д эзлэх хувь дэлхийн дунджаар 2.2 хувь байдаг. Манай улс төрчид гадаадын хөрөнгө оруулалт буурлаа гэж халаглах юм. Дэлхийн дундаж 2.2 хувь бол энэ л бодитой хөрс гэсэн үг. Ямар ч эдийн засаг өөрийн хүч чадалд найдаж байж л урагшилдаг болохоос үлгэрт гардаг шиг ид шидэд найддаг улс орон гэж байхгүй. Дэлхийн эдийн засаг тэлээгүй үед бусад улс орны хөрөнгө оруулах боломж ч бас тэлэхгүй нь ойлгомжтой.
Гадаадын хөрөнгө оруулалтын хэвийн биш, огцом өсөлт ч бас дан ганц Монголд сайн сайхныг хүссэндээ биш, түүхий эдийн үнийн өсөлтийг л дагаж орж ирсэн шүү дээ. Цаашид түүхий эдийн үнэ унах хандлагатай байгаа бол уул уурхайд орох гадны хөрөнгө ч бас хумигдах нь мэдээж.
Гадаадын хөрөнгө оруулалтаас Монголын төр хувь эзэмшиж байгаа бол өрийг нь ч бас өрийнхөө тооцоонд оруулж тооцох хэрэгтэй. Төлөх цаг ирэхэд Монгол Улс төсөвтөө тусгасан эсэх, нөгөө бизнес нь ашиг олсон эсэх нь хэнд ч хамаагүй, гэрээ ёсоор төлөх л болно.
Гадаад орчин нөхцөл ийм байгаа нөхцөлд дотоодын нөөц боломжид тулгуурлахаас өөр сонголт энэ засгийн газарт байхгүй.
1965 оноос хойшхи дэлхийн эдийн засгийн дундаж өсөлт 3.47 хувь, 2000 оноос хойшхи дундаж өсөлт 2.68 хувь. Ийм нөхцөлд 6-гаас 7 хувь бодитойгоор өсгөж чадвал сайн үр дүн, чамлахааргүй амжилт болно.
Жил бүр хорин хувь өсдөг эдийн засаг гэж байхгүй. Ийм үлгэр домгийг энэ Засгийн газраас хүлээх хэрэггүй.
Гэрэлтэй гэгээтэй харагдаж байгаа боломж нь хоёр хөрштэй харилцах харилцаа ихээхэн ахиц дэвшилтэй байгаа ийм үед гэрээ хэлцлээр үүнийг баталгаажуулж, ажил хэрэг болгох явдал юм.
Нүдэндээ харагдсан цаг үеийн жижиг асуудлууд руу үсчээд, улс төрчдийн амбиц, сонирхолд хөтлөгдвөл үрэлгэн төсөв, үүнтэйгээ уялддаггүй мөнгөний бодлого, тулгуур муутай, урсгалаар явдаг сангийн бодлого нь олигтой үр дүнд хүрэх боломжийг өгөхгүй.
Өр ихтэй, өнөөгийн нөхцөлд макро эдийн засгийн үндсэн тэнцлүүдийг зөв авч явах нь хамгийн тулгамдсан асуудал. Үүнээс л өрөө төлөх чадавхийг бий болгох, цаашид эдийн засаг сэргэх эсэх нь хамаарна.
Өрийн хязгаарыг нэмэх тухай асуудал өнөө маргаашийн мөнгө олох арга гэж харагдаж байгаа ч, урт хугацаанд бол эдийн засгийн бие даасан байдал, цаашилбал улс орны бүрэн бүтэн байдалд ч аюултай. “Өнөөдөр би толгойгоороо хариуцна” гэж хэлж байгаа улс төрчид хэзээ ч хариуцлага хүлээдэггүй, харин гадагшаа зугтаад байгааг бид харж байна. Нэг хүний толгойгоор юуг ч нөхөж төлөхгүй, өр төлөх үүрэг нь бидний үр хүүхдэд л үлдэнэ.
Төсвийн алдагдал өрийг өсгөх гол хүчин зүйл юм. Төсвийн тэнцэл нэг нэгжээр алдагдалтай гарахад Засгийн газрын гадаад өр 2.2 нэгжээр өсч байна. Төсвийн алдагдал өсөх шалтгаан нь
Эдийн засгийн өсөлт, бусад хүчин зүйлсийг үндэслэлгүй тооцдог,
Төсөвт орж ирэх татварын орлогыг үндэслэлгүй тооцдог,
Олон улсын нөхцөл байдал, хөрөнгө оруулалтын бууралтыг бодитой тооцдоггүй,
Урьд үүссэн өр төлбөрийн дарамт, зарцуулалтыг тооцоогүйтэй холбоотой.
Эдийн засгийн өсөлт, төсвийн орлого, өрийн дарамтыг аль болох дотоодын нөөц боломжид тулгуурлан бодитойгоор тооцох нь эдийн засгийн тогтворгүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх суурь нөхцөл юм. Одоо л төсөв батлахаас өмнө төсвөө сайжруулж авахгүй бол оройтно.
Гадаадын хөрөнгө оруулалтын амлалт, тодорхойгүй төсөөлөлд найдахын оронд үндэсний бүтээх чадвараар буюу ҮНО-ын өсөлтөөр баримжаалахыг байнга мөрдөх зарчим болгож чадвал асуудалд бодитойгоор хандах, илүү бодитой үзүүлэлтээр баримжаалах боломж нээгдэнэ.
Төсвийн орлогыг тооцоxдоо гадаад xүчин зүйл буюу дэлxийн заx зээлд зарагдаx нүүрс, эрдэс баялгийн үнэ, гадаадын xөрөнгө оруулалт зэргийг голчлон анxаарсан чиг xандлага 2015 оны төсвийн xүрээний мэдэгдэл болон 2016, 2017 оны төсвийн төсөлд давтагдаж байна[1]. Үүнийг нэн яаралтай залруулахгүй бол Засгийн газар хичнээн сайн ажиллавч муу хэлүүлж л таарах нь...
Аль ч засгийн газрын үед сонгуулийн өмнөх 2 жилд төсвийн зарцуулалт 30-аас 34 хувиар өсдөг практик ажиглагдаж байна. Үүн дээр төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.2-т заасан 2 хувь улам л нэрмээс болдог. Төсвийг хэмнэж чадвал огт алдагдалгүй байлгах, тэр ч бүү хэл ашигтай гаргах боломжтой.
Төсвийн үр дүнг гүйцэтгэлтэй холбон авч үзэж, үнэлэх, төлөвлөх асуудал мөрөөдөл төдий, зорилго зорилт, хөтөлбөрийн биелэлтээр үнэлэх боломжгүй, байгууллага, яамны төсвийн тооцоонд үндэслэж байгаа өнөөгийн нөхцөлд Засгийн газар эхлээд стратегийн ач холбогдлыг юунд өгөхөө шийдэж байж, төсвөө батлах нь зөв болно.
Эдийн засаг тогтвортой байх үндсэн нөхцөл нь төсвийн алдагдал бага байх явдал. Төсөвт авч үрэх мөнгө олохын тулд нэмж өр авах, баялаг барьцаалж өр тавихыг дэмжихгүй байх нь зайлшгүй анхаарах асуудлын нэг. Хамгийн их санаа зовоож байгаа асуудал нь өрийн хэмжээг нэмж, цаашдын хөрөнгө оруулалт, эдийн засгийн өсөлтөө, ард иргэдийнхээ амьжиргааг өрийн дарамтаар боомилох вий дээ. Өр ихтэй ядуу орнуудын ангилалд багтах гээгүй л бол бодитой, байгаа нөөц боломждоо л түшье.
Тухай бүрт нь судалгаа, тооцоотой хандах, төсөв, мөнгө, сангийн бодлогоо уялдуулахын тулд Ерөнхий сайдын шууд удирдлагад Ерөнхий сайдын тодорхойлсон тооны сайд, сангийн яам, эдийн засгийн яам, Монгол банкны удирдлага, төрийн сангийн удирдлага, төрийн судалгааны байгууллагыг оролцуулсан зөвлөл ажиллах нь шуурхай ажиллах, зөвшилцөж шийдвэр гаргах үндэс болно.
Үүнээс гадна Засгийн газрыг ард иргэдийн амьжиргааг муутгачихгүй байх, валютын ханш, орон нутаг, хөрөнгө оруулалт, хүний нөөцийн бодлого, технологио шинэчилж, үйлдвэржилтийн суурийг тавих, жижиг дунд бизнесээ, дотоодын үйлдвэрлэлээ дэмжих, экспортын орлогыг нэмэгдүүлэх гээд олон асуудал хүлээж байна.
Бодлогын реформ хийж чадахгүй бол ирэх онд эдийн засаг хүндрэх төлөвтэй байна. Засгийн газар эдийн засгийн бодлогынхоо гол ноён нурууг яаж тодорхойлохоос л бүх зүйл шалтгаална.
Б.ЭНХБАЙГАЛЬ
Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн захирал
Доктор, дэд профессор
[1] Төсвийн төлөвлөлт, гүйцэтгэл, үр дүнг хянах хөндлөнгийн механизмгүйгээр зарлага нь орлогоос давдаг практик үргэлжлэх хандлагатай байна. Төсвийн нийт зарлагын өсөлт төсвийн орлогын өсөлтөөс байнга түрүүлж байгаа нь эдийн засгийн нэгдмэл бодлогод түшиглэхийн оронд салбар, байгууллагуудын төсвийн хэрэгцээнд хөтлөгдөж байгаатай холбоотой.
Эх сурвалж www.ndi.gov.mn
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...