АНУ-ын сансрын буудлаас "Антарес" пуужин хөөрөөд удалгүй дэлбэрлээ
- schedule 2014 оны 10 сарын 30
- chat_bubble 0
Аравдугаар сарын 28-ны 22 цагт олон улсын сансрын станцад хоол хүнс, тоног төхөөрөмж хүргэх үүрэгтэй ачаа тээврийн "Сигнус" хөлгийг "Антарес" пуужингаар сансрын уудамд гаргахаар хөөргөсөн. Гэвч хөөрөөд хэдхэн секундийн дараа дэлбэрч сүйрлээ.
"Сигнус" хөлөг нь хувийн компанийн /Orbital Sciences Corporation/ бүтээсэн нисгэгчгүй ачаа тээврийн хөлөг юм.
АНУ нь "Шаттле" хөтөлбөр дуусгавар болсноос хойш ОУСС-д ачаа хүргэхдээ ОХУ-ын Прогресс болон Европын сансрын агентлагийн, Японы сансрын хөлгүүдийг ашигладаг байсан. Тиймээс өөрийн гэсэн ачаа тээврийн хөлөгтэй болохоор ажиллаж уг хөлгийг бүтээсэн юм байна.
"Сигнус" хөлөг анхны нислэгээ 2013 онд амжилттай хийж, дараа нь хоёр удаа амжилттай хөөрөн ОУСС-д холбогдож байжээ.
Энэ удаагийн дөрөв дэх нислэг нь агаарт иргэний нисэх онгоц явж байсан шалтгаанаар хөөрөхөөс 10 минутын өмнө, нэг удаа хойшилж байсан юм.
Уг хөлөг ОУСС-д хоол хүнс, ус, хувцас бусад материал, шинжлэх ухааны тоног төхөөрөмж зэрэг хоёр тн ачаа хүргэх байжээ.
"Сигнус" хөлгийг бүтээсэн компанийнхан "НАСА" агентлагитай 2016 оны эцэс хүртэл найман удаа хөөрч ачаа хүргэхээр хоёр тэрбум ам.долларын гэрээ байгуулсан юм байна.
"Сигнус" /Cygnus/ хөлгийн товч үзүүлэлтийг дурдахад: 3.66 м өндөр, 3.07 м диаметртэй, 18.9 шоо метр багтаамжтай, хоёр тн ачаа тээвэрлэх хүчин чадалтай, өөрийн жин нь 1.5 тонн.
"Orbital Sciences Corporation" компанийн" Антарес" пуужин нь өмнө "Сигнус"-ын гурван хөлгийг амжилттай хөөргөж байжээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...