Шатарчдын тосгон
- schedule 2014 оны 10 сарын 25
- chat_bubble 0
Германы Гальберштадт хотоос холгүйхэн нэгэн сонирхолтой тосгон байдаг. Шахдорф-Штребек нэртэй энэ тосгонд шатрыг жинхэнээсээ шүтэн бишрэх үзэл ноёлж байдаг нь сонирхол татдаг.
Эндхийнхэн бараг мянган жилийн өмнө шатар тоглож сурчээ. 1068 онд Штребекийн чулуун цайзад гүн Гунцеллин гэгчийг хорин суулгажээ. Олзлогдсон тэрээр өөрийнх нь өмнөөс гэр бүлийнхэн нь мөнгө төлөөд гаргаж авахыг олон сар хүлээсэн байна.
Шатрын бузгай хорхойтон болохынхоо хувьд гүн энэ тоглоомын хамгаалалтыг сурчээ.
Удалгүй Штребекийн бусад оршин суугчид ч шатар сонирхох болж, аажмаар энэ тосгон жинхэнэ «Васюки» /Нэр цууд гараагүй ямар нэг хот, тосгон ямар нэг зүйлээрээ өрсөлдөхүйц хэмжээний агуу том төв болж хувирахыг орос ардын шог ярианд ингэж хэлдэг аж. Орч/ болж хувирах нь тэр.
Тосгоны сүлдэн дээр хүү, морь хоёртой шатрын хөлгийг дүрсэлж, нутгийн захиргааны бичиг баримтуудад шатрын хөлөгний дүртэй тамга дардаг байжээ.
Тэр ч байтугай хонхны бөөрөн дээр хар цагаан нүднүүдийг алаглуулан зурдаг байжээ. Айл бүрт шатрын иж бүрдэл байх ёстой байсан гэнэ.
Сонирхолтой нь ийм оюунлаг тосгонд хаад ноёд ч хүндэтгэлтэй хандаж, төрөл бүрийн өргөл барьцаас түүнийг чөлөөлдөг байжээ.
Хааныг ширээнд нь залах ёслолын үеэр оршин суугчид даган баясаж “амьд шатар”-ын үзүүлбэр гаргадаг байсан аж.
Эрт дээр үед Штребект бас нэгэн сонирхолтой заншил байжээ. “Өөр нутгийн” хүргэн энэ нутгаас бэр буулгахыг хүсвэл тэрээр нутгийн сайн шатарчин ахмад настантай шатар нүүх ёстой байсан гэнэ.
Хүргэн ялагдсан тохиолдолд татгалзсан хариу аваад зогсохгүй мөнгөн торгуульд унадаг байжээ. Мөнгөө зузаалах муугүй арга!
1823 оноос эхлэн сургуульд гуравдугаар ангиас нь эхлэн шатар заадаг болжээ. Сургуулийн аварга шалгаруулалт байнга явагдаж, ялагчийн нэрийг шатрын танхимд өлгөдөг болсон байна.
1886 оноос Штребект “Шатрын товчоон”-ыг хөтөлж, түүндээ шатрын ёртөнцөд болж байгаа чухал үйл явдлуудыг бүртгэдэг болжээ.
Нэр цуутай их мастерууд тосгонд байн байн айлчлан ирцгээж, “Хүндэт зочдын дэвтэрт” гарын үсгээ үлдээдэг болжээ.
1921 онд Штребекийн засаг захиргаа өөрийн мөнгөн тэмдэгт гаргахыг зөвшөөрүүлэхээр Пруссийн сангийн яаманд хүсэлт тавьжээ. Зөвшөөрлөө ч авч 25, 50, 75 пфеннигийн /Еврог гүйлгээнд гарахаас өмнө байсан Германы задгай мөнгө. Орч/ үнэ бүхий бонуудыг /Бон - цуглуулгын хэрэгсэл болж байгаад хэрэглээнээс гарсан цаасан мөнгө.Орч/ гүйлгээнд гаргажээ.
Дэвсгэрт бүр дээр дугаар, захирагчийн гарын үсэг, тосгоны шатрын сүлдийг тавьсан байв.
Сонирхолтой нь Штребект шатрын уламжлал одоо болтол алдагдаагүй байна.
Тосгоны насанд хүрэгсэд нь бараг цөмөөрөө энэ тоглоомоор хичээллэдэг.
1000 гаруйхан оршин суугчтай Штребек тосгон саяхан ЮНЕСКО-гийн даян дэлхийн соёлын өв бүхий газруудын жагсаалтад оржээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...