Д.Оюунтуул: Би Алдармааг уучилсан
- schedule 2014 оны 10 сарын 20
- chat_bubble 0
-Жүжигчин Д.Оюунтуул шүүх хурлын дараа албан ёсоор ярицлага өглөө-
“Шинэ үе” продакшны жүжигчин Ц.Алдармаагийн ээж Д.Мандахтай хийсэн ярилцлагыг манай сайт өнгөрсөн бямба гарагт нийтэлсэн. Тэгвэл энэ удаад “Шинэ үе” продакшны жүжигчин Д.Оюунтуулын ярилцлагыг бүрэн эхээр нь уншигчдадаа хүргэж байна.
Энэ сарын 16-нд Дүүргийн эрүүгийн хэргийн II шүүхэд жүжигчин Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарт холбогдох хэргийг хаалттай хэлэлцэж, шүүхээс Ц.Алдармааг гэм буруутайд тооцон эрүүгийн хуулийн 99.1 дэх заалтыг үндэслэн 7 жил 10 хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн бол Д.Оюунтуулыг Эрүүгийн хуулийн 96.2.6 дэх хэсгийг үндэслэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг долоо дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн.
Шүүх хурлын маргааш нь буюу өнгөрсөн баасан гарагт бид жүжигчин Д.Оюунтуулын хэвтэн эмчлүүлж байгаа Шастины нэрэмжит нэгдсэн 3-р эмнэлэг дээр очиж энэхүү ярилцлагыг авсан юм.
-Алдармаа бид хоёрын маргаан жил гаруйн өмнө эхэлсэн-
-Анхан шатны шүүх хурал өчигдөр /пүрэв гарагт/ болж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргалаа. Алдармаа та хоёрын дунд үүссэн маргааны талаар хэн хэн нь өнөөдрийг хүртэл албан ёсоор байр сууриа илэрхийлээгүй байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр та хоёрын талаар янз бүрийн л мэдээлэл гарч байна. Тэгэхээр та хоёрын муудалцэж, бие биенээ халуун усаар түлэх болсон шалтгаан юунаас эхлэлтэй вэ. Энэ талаараа дэлгэрэнгүй ярьж болох уу?
-Бид хоёрын энэ хэрэг явдал өнгөрсөн дөрөвдүгээр сарын 27-28-нд шилжих шөнө Эрдэнэт хотод болсон. Түүнээс хойш хүн бүр янз бүрийн л таамаглал дэвшүүлж байна. Энэ хугацаанд хуулийн байгууллагад хандсан байсан учраас бид хоёрын зүгээс хэрэгт сөргөөр нөлөөлөх вий гэдэг үүднээс хэвлэл мэдээллээр ярилцага өгч, өөрсдийнхөө байр суурийг илэрхийлээгүй. Тэгээд анх удаа танай телевизээр үзэгчдэдээ, ар түмэндээ үнэн, болсон явдлыг өөрийн биеэр хэлэх гэж байна. Хамгийн түрүүнд миний болон бид хоёрын зүгээс өнөөдөр ийм муухай асуудлаар ард түмний дунд, залуучууд, бидний ирээдүй болсон хүүхдийн дунд буруу үлгэр дууриал болох зүйлийн талаар ярьж байгаадаа харамсаж, үзэгчид, ард түмнээсээ хамгийн түрүүнд уучлал гуйхыг хүсч байна.
Болсон хэргийн талаар ярихад өнгөрсөн дөрөвдүгээр сарын 22-нд манай “Шинэ үе” продакшн бүрэн бүрэлдэхүүнээрээ аялан тоглолтоо эхэлсэн. Ингээд Эрдэнэт хотод дөрөв хоног тоглоод цаашаа Дархан, Сэлэнгээр явах төлөвлөгөөтэй байсан. Эрдэнэт хотод хийсэн тоглолт маань 27-нд 24.00 цагийн үед дуусаад бид зочид буудалдаа ирсэн юм. Жүжигчин Алдармаагийн найз нь Эрдэнэт хотод амьдардаг юм. Тэр найз нь Алдармааг соёлын тэргүүний ажилтан цол авсанд нь баяр хүргэхээр ирж байна гээд хэдүүлээ вино ууж сууя гэдэг саналыг тавьсан. Ингээд бид гурав өрөөндөө орж вино ууж, ярьж сууцгаасан.
Алдармаа бид хоёрын хувьд бол би 2006 онд “Шинэ үе” продакшнд орсон. Тэр үеэс би Алдармаатай их дотно болж, эгч дүүгийн холбоотой, бусад охид хүүхнүүдээс илүү их дотно найзууд болсон л доо. Ингээд 2013 оны наймдугаар сард бидний дунд анх маргаан үүссэн. Энэ маргааны хувьд “Шинэ үе” продакшн болон Бооёо ахтай ямар ч холбоогүй, цэвэр бид хоёрын хоорондох хувийн асуудлаас үүдсэн маргаан. Ингээд анх жүжигчин Ундармаа эгчийнд бид хоол идээд сууж байтал Алдармаа бид хоёрын дунд маргаан үүсч, Алдармаа намайг зодсон. Тухайн үед Алдармаа намайг буруу ойлгосон байсан учраас би тэр үед түүнийг уучилсан. Харин Алдармаа надаас уучлал гуйгаагүй. Тэр үед би түүнийг нас нь бага, олон жил найзалсан юм чинь өөрөө гэм буруугаа ойлгох байх гээд уучилсан. Ингэж бид хоёрын анхны маргаан эхэлсэн.
-Алдармаагийн найз залуу бидний дунд хов зөөсөн нь маргааны үндэс болсон-
Үүнээс хойш бид хамт БНСУ руу явсан, гурван ч тоглолтын ард гарсан. Энэ хугацаанд бид хоёрын дунд тийм таарамжгүй байдал үүсч байгаагүй. Гэхдээ урьдныхыгаа бодоход илүү дотно байхаа больж, жаахан хөндийрсөн. Гэлээ ч бие биенээ үзэн ядаж байгаагүй. Хүмүүсийн мэдэх гээд байгаа хамгийн гол зүйл юу вэ гэхээр, Алдармаатай үерхдэг байсан нэг залуу байсан. Тэр залуу л бид хоёрын дунд хов зөөсөн байдаг юм. Тэр залуу “Чиний эгч Туул чинь чамайг надад элдвээр ярьсан” гээд .../уйлав/. Тэр хүний үгэнд Алдармаа өнөөдөр итгээд ийм байдалд хүрсэн. Бид хоёрын маргааны эхлэл, үндэс суурь нь энэ. Түүнээс биш нэг нэгнийхээ найз залуутай үерхдэг ч юм уу тийм бусармаг зүйл бидний дунд байхгүй. Тэгээд энэ хугацаанд би олон жил найзалсан эмэгтэй дүүгээ хүнд муу хэлэх нь битгий хэл, хүнээс хамгаалж явснаас биш янз бүрийн зүйл ярихгүй. Би чинь түүний эгч шүү дээ. /уйлав/
Олон жил үерхэж нөхөрлөсөн эмэгтэй хүмүүс байж, хүний үгээр үг хийлгүй хоорондоо ярилцаж, ойлголцоогүй нь бидний буруу болж өнөөдөр ийм байдалд хүрч байна. Тэгэхээр ер нь найзалж нөхөрлөсөн бол бие биедээ итгэлтэй л байх ёстой. Үүнийг бид хоёрын хэн хэн нь ойлгоогүй нь бидний буруу.
-Эрдэнэтэд болсон тоглолтынхоо дараа та нар хамт вино ууж суусан гэсэн. Тэр үед маргаан юунаас үүссэн юм бэ?
-Өнгөрсөн оны наймдугаар сараас хойш бид нэг ширээнд сууж хоол, цай ч идэж уугаагүй. Тэр орой хамт суух болсондоо би хувьдаа баярласан л даа. “Одоо бид хоёрын үл ойлголцох асуудал дууслаа. Миний дүү одоо надаас уучлал гуйгаад, хоёулаа дэмий юмнаас болж буруу ойлголцсон байна гээд надтай ярилцлах байх” гэж бодсон. Ингээд Алдармаагийн найз бүсгүй нь ирж бид гурав хамтдаа суугаад, ярьж хөөрөөд, инээлдээд байж байтал дахиад л нөгөө асуудал хөндөгдсөн.
“Та тэгж хэлсэн байна лээ, та намайг ингэж гомдоолоо” гэхэд нь би “Би тэгж хэлээгүй. Надад бас нотлох баримт байгаа шүү” гэхэд Алдармаа уурлаад ширээн дээр байсан виноны шилийг над руу авч шидсэн. Жижигхэн өрөө байсан учраас би оногдоогүй. Тэгэхэд миний гарт ус буцалгагч тааралдаад би Алдармаагийн нуруу руу цохисон. Энэ их хоромхон зуур болсон үйл явдал л даа. Тэр ус буцалгагч дотор ус байсныг би мэдээгүй. Гэхдээ буцалсан халуун ус бол биш. Энэ үед манай бүжигчин охид ирж биднийг салгаад өрөө өрөөндөө ороод унтсан.
-“Чи муу намайг түлсэн, чи ингээд...” гээд дээрээс буцалсан ус асгасан-
-Алдармаа тэр үед түлэгдсэн үү?
-Өглөө 09.00 цагт бид Сэлэнгэ аймаг руу явж аялан тоглолтоо үргэлжлүүлэх байсан юм. Ингээд өглөө унтаж байтал Алдармаа хаалга тогшиж орж ирээд нуруугаа надад үзүүлээд “Та ингээд намайг түлчихлээ” гээд дахиад маргалдаж эхэлсэн. Нурууг нь хартал зүүн талынхаа доод талд улайчихсан байсан. Тэгээд би “Эгч нь устай байсныг мэдээгүй, чи ойлгоорой” гээд уучлалт гуйсан боловч дахиад маргалдсан. Ингээд би өрөөнөөсөө гараад Алдармаагийн хажуу талын өрөө рүү орсон.
Яагаад тэр өрөө рүү орсон бэ гэхээр, урд орой нь бид хоёрыг салгасан хоёр бүжигчин охин тэр өрөөнд байсан юм. Би тэр охидод “Харсан үзсэнээ үнэн зөвөөр нь хэлээрэй. Би түлээгүй шүү, би үнэхээр устай байсан гэдгийг мэдээгүй, би цохисон шүү дээ, та нар энийг хэлээрэй” гээд тэр хоёрыг загнасан. Би дөнгөж орноосоо боссон байсан болохоор тухайн үед майктай байсан. Угаалгын өрөөнд тэр хоёр охин нүүр гараа угаагаад, би наана нь явган сууж байсан. Гэтэл нэг их удалгүй нүдний үзүүрт Алдармаа орж ирэх шиг болсон. Тэгээд ус буцалгагчтай ус барьчихсан яг миний шилэн хүзүү рүү асгасан /уйлав/.
Тэр үед юу болж байгааг мэддэггүй юм билээ. Тэр хоёр охины нэг нь миний майкийг тайлсан байна лээ. Холоос цацаагүй, хүрч ирээд дээрээс “Чи муу намайг түлсэн, чи ингээд...” гээд... Ямар ч байсан би нүцгэн газар сууж уйлаад... Миний өрөөнд хамт байсан бүжигчин охин маань надад саван түрхэж өгөөд... Тэр үед би утсаа аваад өмнөх орой нь бид хоёрын маргаан дээр хамт байсан, гэрч болох Алдармаагийн найз руу ярьсан. “Би түлэгдчихлээ, чи өчигдөр юу болсныг нүдээрээ харсан. Хэн эхэлж энэ маргааныг үүсгэж, хэн нь эхэлж юм авч шидсэн бүгдийг үнэн зөвөөр нь хэлээрэй” гэхэд тэр “За” гэж хэлсэн. Мөн би хажуудаа байсан Энхжинтэй утсаар яриулсан.
-Тэд гэрчийн мэдүүлэг өгсөн үү?
-Дараа нь хүмүүс мэдүүлгээ өөрөөр өгсөн байна лээ. Алдармаагийн найз ч гэсэн бүхнийг харчихаад худлаа мэдүүлэг өгсөн байсан. Ер нь бол энэ чинь хүний амьдрал шийдэгддэг асуудал учраас хүн бүр үүн дээр нарийн нухацтай, үнэнч шударга хандах ёстой. Ийм учраас “Шинэ үе” продакшны уран бүтээлчидтэй бид хоёр хоёулаа олон жил ажиллаж байгаа боловч энэ асуудалд хэн хэнийг нь оролцуулаагүй. Яагаад гэхээр энэ чинь цэвэр бид хоёрын өөрсдийн асуудал учраас тэдэнд үнэндээ хамааралгүй. Ингээд зун өнгөрлөө. Түлэнхийн төвд 22 хоног хэвтэн эмчлүүллээ. Энэ хугацаанд энэ шархыг эдгэрэх юм болов уу гэж хүн боддог юм билээ. Түлэнхий гэдэг чинь цаг хугацааны асуудалдаа ч юм уу, их хорон эдгэж өгдөггүй өвчин юм байна.
-Энэ хугацаанд Алдармаа та хоёр уулзсан уу?
-Алдармаа манай гэрт дөрвөн удаа ирсэн. Ирэхэд нь бид хоёр мэдээж ярилцдаг. Бид хоёрын зорилго нэг байх ёстой. Би дүүдээ хэлсэн, “Чи намайг эмчлүүлж л өг” гэхэд Алдармаа “Би мөнгө төгрөг олоод таныг БНСУ руу явуулж эмчлүүлж өгнө” гэж хэлсэн. Хуулийн байгууллагад хандсан байсан учраас хэзээ, яаж шүүх хурал болохыг ч бид мэдээгүй. Мөрдөн байцаалтын явцад бид нэг, нэг удаа байцаалт өгсөн. Тэгээд яван явсаар өчигдөр /16-нд/ шүүх хурал боллоо.
Өчигдрийн шүүх хурал бол гурав дахь удаагийн хурал. Өмнөх хоёр шүүх хурал дээр манай өмгөөлөгчийн хөдөө орон нутаг дахь ажил нь давхацсан учраас хойшилсон. Шүүхээс надад хоёр дахь шүүх хурал дээр анхааруулга өгсөн. Ингээд би хоёр дахь шүүх хурал дээр өмгөөлөгчөөсөө татгалзаж, өөр өмгөөлөгчтэй шүүх хуралд оролцох хүсэлтээ өгсөн. Энэ хугацаанд би эмнэлэгт хэвтэж байсан учраас хүмүүстэй уулзаж чадахгүй байсан учир найзууд маань надад шүүх хурлын өмнөх өдөр өмгөөлөгч олж өгсөн. Ингээд шинэ өмгөөлөгч маань Сонгинохайрхан дүүрэг дээр очиж хэргийн материалтай танилцаад, надтай ирж уулзаад гурав дахь удаагийн шүүх хуралд хамтдаа орсон.
-Алдармааг хорих ял авна гэж бодоогүй, их харамсаж байна-
-Шүүх хурлын тухайд болон шүүхийн шийдвэрийн талаар та ямар бодолтой байна вэ. Шүүх хэргийг үнэн зөв шийдвэрлэсэн гэдэгт та санал нэг байгаа юу?
-Шүүх хурлын тухайд гэвэл /уйлав/, яг үнэнийг хэлэхэд хууль мэдэхгүй бидэнд шүүх ямар шийдвэр гаргана түүгээр байх ёстой. Гэхдээ яг үнэнийг хэлэхэд өчигдрийн хувьд бол арай тийм юм болно гэж бодоогүй. /уйлав/ Алдармааг тэгэж хорих ял авна гэж бодоогүй байсан, үнэхээр хүнд байна. /уйлав/ Яагаад гэвэл би анхнаасаа үүнийг хүсээгүй. Энэ бол бид хоёрын хоорондоо ойлголцоогүй, бие биедээ итгээгүйн буруу, их харамсаж байна, их харамсаж байна /хэсэг уйлав/.
-Танай өмгөөлөгч ч юм уу Алдармаагийн өмгөөлөгийн зүгээс ийм зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэвэл ийм ял авна гэдгийг танд хэлээгүй байсан уу?
-Бидэнд хэлсэн.
-Яллах дүгнэлт дээр байгаа байх, тийм ээ?
-Тийм, байгаа. Гэхдээ тэр цаасан дээр бичсэн зүйлийг уншаад ийм шийдвэр гарна гэж хүн мэддэггүй юм билээ л дээ. Би эхний өмгөөлөгчөөсөө асууж байсан, “Би тэр хүнийг уучилсан, хэдийгээр би эрүүл мэндээрээ хохирсон ч гэсэн энэ бол эдгэнэ. Тийм учраас би хүний ирээдүй, бүсгүй хүний амьдралыг бодно, тэр үр хүүхэдтэй эмэгтэй хүн. Тэрийг нь бодоод би уучилсан, надаас уучлал гуйгаагүй ч гэсэн би дотроо уучилсан. Яах бол оо” гэхэд манай өмгөөлөгч “Хуулийн байгууллага хэрхэн шийдвэрлэхийг би чамд тааж хэлэх эрх байхгүй” гэж хариулж байсан л даа.
-Би Алдармааг хэдийнэ уучилсан-
-Шүүх хуралдааны үеэр шүүгчид “Та гомдолтой юу” гэж асуудаг. Та үүнд нь юу гэж хариулсан бэ?
-Асуусан, энэ асуултад манай өмгөөлөгч хариулсан. Өмгөөлөгч маань “Би өмнөх өдөр нь үйлчлүүлэгчтэйгээ танилцсан. Ганц гуйж байгаа, хэлж байгаа зүйл нь нэгнийгээ ингэж хорих газар руу явуулах хүсэлгүй байгаа. Хэдийнэ уучилсан” гэдгийг шүүх хурал дээр хэлсэн /уйлав/.
-Шүүх бүрэлдэхүүнийг шийдвэрээ уншиж танилцуулсны дараа Алдармаа таньд ямар нэгэн зүйл хэлсэн үү?
-Бид хоёр зэрэгцээд зогсч байсан. Би чинь Алдармаад бас хөнгөн гэмтэл учруулсан буруутай хүн шүү дээ. Тийм болохоор шүүх надад бас шийдвэр гаргаж, мөнгөн торгууль ногдуулсан. Хэдийгээр би эхлээгүй, тэр хүн эхэлсэн ч гэсэн би түүнийг цохиж гэмтээсэн учраас би түүнийхээ хариуцлагыг хүлээж, буруутай гэдгээ мэдэж байгаа. Яг үнэндээ ийм шатандаа хүрч, ингэнэ гэж бодоогүй /уйлав/.
-Алдармаагийн өмгөөлөгчдийн хувьд давж заалдана гэдгээ хэлсэн. Магадгүй одоо та “Би эмчилгээгээ л хийлгэчихвэл гомдолгүй” гэж хэллээ гэхэд шүүх Алдармаад оноосон ялаа өөрчлөх боломж нь юу байдаг юм бол?
-Тэрийг ёстой мэдэхгүй байна. Ямар ч байсан миний болон манай гэрийнхэн, найз нөхдийн маань зүгээс аль хэдийнэ Алдармааг уучилсан. Айхтар өширхсөн асуудлаас биш, болгоомжгүй байдлаасаа үүссэн, бие биендээ итгэж чадаагүйгээс ийм байдалд хүрсэн болохоор манай гэр бүлийнхэн болон би уучилсан.
-Давж заалдах шатны шүүх хурал дээр та “Алдармааг уучилсан. Зүгээр эмчилгээгээ хийлгэе” гэдэг зүйлийг хэлэх үү?
-Хэлнэ. Сая болсон шүүх хурал дээр ч гэсэн өмгөөлөгч маань хэлсэн.
-Одоо таны биеийн байдал ямар байгаа вэ. Хоол боловсруулах эрхтний тасагт эмчлүүлж байгаа юм байна?
-Би зунаас хойш хоёр дахь удаагаа хэвтэж байна. Сэтгэлийн шаналлаас болоод нойргүйдэл үүссэн. Хоёрдугаарт, бие өвчтэй, шөнө унтаж чадахгүй эмнэлгээс гарсан. Тийм учраас мэдрэлийн тасагт хэвтээд, овоо тайвширч хэд хоног унтдаг болсон л доо. Гэтэл шүүх хурлын тов зарлагдсанаас хойш дахиад стресс нэмэгдэн нойргүйдэл үүссэн. Нойргүйдлээс болсон ч юм уу ходоод өвдөөд энд хэвтэж байна. Эмч нарын хэлж байгаагаар стрессээс болж ходоод өвддөг гэж байна. Одоо надад тархины цусан хангамж сайжруулах тариа болон ходоодонд маань эмчилгээ хийж байгаа.
-“Эгчийгээ эрүүл болгож өгөөрэй”-
-Таны түлэгдэлтийн зэргийг яаж тогтоосон бэ. Хэдэн хувийн түлэгдэлттэй гарсан бэ?
-Шүүх эмнэлгийн шинжээч эмчийн тогтоосон түлэгдэлтийн зэргийг шүүх хурал дээр танилцуулдаг юм билээ. Түлэгдэлтийн зэргийг хүний биеийг бүхэлд нь авч үзээд биеийн 31 хувь буюу түлэгдэлтийн 2А билүү 3А,Б, амь насанд аюултай, хүнд гэсэн дүгнэлт гарсан юм билээ. Тэрийг шүүх хурал дээр танилцуулж, гэрэл зургуудыг хавтаст хэрэгт хавсаргаж шүүх бүрэлдэхүүнд үзүүлж байсан. Мөн намайг одоо байгаа шарх, сорвио үзүүлэх боломжтой юу гэж асуусан. Би үзүүлэх боломжтой хэсгээсээ үзүүлсэн, эмэгтэй хүн болохоор үзүүлэх боломжгүй хэсэг гэж бас байна л даа /уйлав/.
-Шарх нь гайгүй болж байгаа юу?
-Хүзүүний баруун талд ийм байгаа. /шархаа үзүүлэв/ Энэ нь таталт үүсээд илүү мах ургасан. Намайг Түлэнхийн төвд эмчилж байсан эмчлэгч эмчийн дүгнэлтээр биеийнх нь арьснаас авч нөхөн сэргээх буюу гоо сайхны мэс заслыг БНСУ-д хийлгэх шаардлагатай гэсэн. Одоогийн байдлаар тос түрхэж, дасгал хийдэг. Тэгэхгүй бол таталдаад гилжгий болох магадлал их өндөртэй гэсэн.
-БНСУ-д гоо сайхны хагалгаа хийлгэхэд хэдий хэмжээний зардал орох вэ. Энэ талаар судалсан уу?
-Мөнгөн дүнг хэлдэггүй юм билээ. Манай найзууд БНСУ-ын эмнэлэг рүү миний зургийг интернэтээр илгээхэд “Эмчлэх боломжтой” гэсэн хариу ирүүлсэн. Гэхдээ мөнгөн дүнг хэлдэггүй юм билээ. Аз нь таарвал нэг удаагийн хагалгаагаар засрах боломжтой, эс бөгөөс 2-3 удаагийн хагалгаанд орох шаардлагатай гэсэн. Тийм ч учраас би Алдармаагаас тэдэн төгрөг гэж нэхэмжлээгүй.
Түлэнхийн төвд гарсан зардлыг баримтаар баталгаажуулж шүүх хурал дээр нэхэмжилдэг юм билээ. Харин ирээдүйд гарах зардлыг би нэхэмжлээгүй, өөртэй нь ярьж тохиролцоод “Чи эгчийгээ ямар ч байсан эрүүл болгож өгөөрэй” гэдгээ хэлсэн. /уйлав/
-Та нар Эрдэнэт хотоос хэдийд ирсэн бэ. Аялан тоглолтоо цуцалсан уу, үргэлжлүүлсэн үү?
-Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-нд тус тусдаа машинаар ирсэн. Манай “Шинэ үе” продакшныхан аялан тоглолтоо цааш үргэлжлүүлээд явсан. Тоглолт зарлагдсан байдаг учраас тэр олон хүмүүсийн тасалбарыг буцаах боломжгүй байдаг. Тиймээс манай “Шинэ үе” продакшныхан аргагүйн эрхэнд тоглолтоо үргэлжлүүлээд явсан. Уран бүтээлч хүмүүсийн бас нэг онцлог байдаг. Хэн нэгэн ирэхгүй байлаа гээд тоглолт зогсох эрхгүй, бид чинь хагас цэрэгжилтийн байдалтай байдаг учраас тоглолтыг зогсоох ямар ч эрх байхгүй.
-Алдармаа та хоёр “Шинэ үе” продакшндаа харьяалагдаж байгаа хэвээрээ юу?
-“Шинэ үе” продакшинд харьяалагдаж байгаа.
Ц.Эрдэнэцэцэг | Гэрэл зургийг Ц.Баярбаатар
Эх сурвалж: WWW.EAGLE.MN
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...