Малала Юсуфзай: Бүх эмэгтэйчүүд боловсролтой болвол үхсэн ч харамсахгүй
- schedule 2014 оны 10 сарын 14
- chat_bubble 0
Мусульман шашинт эмэгтэйчүүдээс сурч боловсрохын төлөө 2011 онд анхлан дуугарч, тэмцсэн Пакистаны сургуулийн сурагч Малала Юсуфзай охин 2014 оны Нобелийн энхтайвны шагналын эзнээр тодорсон юм. Малала охин шагналаа гардан авсныхаа дараа “AFP” агентлагт ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.
Норвегийн Нобелийн хорооноос таныг охид, эмэгтэйчүүд, тэр дундаа исламын шашинтай охид эмэгтэйчүүдийн боловсролыг дэмжихэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Нобелийн энхтайвны шагнал олгосон. Хамгийн залуу Нобелийн эзнээр тодорлоо?
Намайг Нобелийн энхтайвны шагналын эзнээр тодруулсан явдалд талархлаа илэрхийлмээр байна. Миний үйл хэргийг өчүүхэн гэж голохгүйгээр итгэл хүлээлгэсэнд баярлалаа. Шашин шүтлэг, арьс өнгө, угсаа гарал хамааралгүйгээр бүх эмэгтэйчүүдийг боловролтой болгох хэрэгтэй. Тэр тусмаа Ойрхи Дорнод буюу лалын шашинтай орнуудад эмэгтэйчүүдийн эрх хязгаарлагдмал байдаг.
Энэ бүхэн намайг үргэлж бухимдуулдаг. Пакистаны боловролын салбар дэлхийн боловсролын салбараас хэтэрхий хол зөрүүтэй байна. Манай улсад дунд сургуулийн охидыг математик, уран зохиол, дэлхийн түүх, Англи, Франц, Орос хэл зэрэг амин чухал хичээлд оруулдаггүй. Зөвхөн ахлах ангид л оруулдаг. Би заримдаа “Малала чи эрэгтэй болоод төрчихгүй яасан юм бэ” гэх бодол төрдөг юм. Би энэ бүх шударга бус боловсролын системийг эсэргүүцэж, энэ бүхний талаар олон улс мэдээсэй гэж хүссэн.
Мэдээж хэрэг таны ярьж байгаа шиг амархан бүтээгүйг ойлгож байна. Эргэн сануулахад, 2012 оны аравдугаар сарын 9-нд таныг сургуулиасаа гарч явахад талибанчууд буудаж шархдуулсан. Таныг “Охид боловсролтой болох ёстой” гэх уриалга гаргасны төлөө буудсан гэсэн?
Би энэ үеийг бодохоор “Хэрвээ тэр үед амиа алдсан бол, хэрвээ тэр үед Британийн Засгийн газар туслаагүй бол, хэрвээ тэр үед НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн мэдээгүй бол, хэрвээ надад яаралтай мэс засал хийлгүй, Малала үлдсэн амьдралдаа тахир дутуу болсон бол” гэх бодол өөрийн эрхгүй төрдөг. Энэ бүх бодол намайг өдөр бүр хурцалдаг.
Таны буудуулсан хэрэг. Мэс засал, Лондон, Нью Йорк гээд л бүх зүйл бурхны зурсан зураг шиг. Уйтгар гуниг, айдас, цөхрөл, аз, баяр баясгалан гэж байгаа мэт?
Азаар амьд үлдсэн ч яаралтай мэс засалд орох хэрэгтэй болсон. Пакистаны Засгийн газраас намайг эмчлэх боломжгүй гэдгийг мэдэгдсэнээр Британи руу эмнэлэгт хүргэхээр болсон. Пакистанаас Британи руу нисэх нислэгийг Арабын нэгдсэн Эмират хариуцсан юм. Эмчилгээний зардлыг Холливуудын олон жүжигчин хандивлахаа мэдэгдэж “Малала итгэж байна. Чи зоригтой” гэх данс нээсэн гэдгийг ухаан орсныхоо дараа л мэдсэн. Би тэдний ачийг хариулахын тулд үхэх өдрөө хүртэл дуу хоолойгоо хүргэсээр байх болно.
Таны дуу хоолойг дэлхийн чихэнд хүргэхэд тусалсан хүнийхээ тухайд?
Олон хүний нэрийг хэлэх ёстой ч гэсэн би нэг эрхмийг онцлохыг хүсч байна. Энэ бол НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн. Энэ эрхэм намайг өдий зэрэгтэй явахад минь тусалж, үргэлж зөв хаалгыг нээхэд тусалсан. Танд баярлалаа. Таны ачийг хэзээ ч мартахгүй бас урмыг тань хугалахгүйг хичээх болно.
Таныг ухаан орсны дараа “ВВС” агентлагийн удирдлагууд таны бичсэн 50 гаруй захиаг нийтэд танилцуулсан. Тус агентлагийн эрхлэгч Лус Хэмс “Малала охин нь өөрийн нууц нэрээр 11 настай байхаасаа “BBC” агентлагт өөрийн хаалттай ертөнцийг захидлаар хуваалцдаг байсан. Түүнийг хүрээлж буй ертөнцөд яагаад эмэгтэйчүүдийг хүндэлдэггүй, эрх тэгш бус байдаг талаар өөрийн бодлоо захидалдаа өгүүлдэг байсан. Бид энэ эрэлхэг зоригтой охинтой уулзахыг их хүсдэг” гэж хэлсэн. Та захиагаа ямар аргаар хилийн дээс алхуулдаг байсан юм?
Би боловсролтой болохын тулд дэлхийтэй хөл нийлүүлэн алхах нь зөв хэмээн бодсон. Тиймээс “ВВС” агентлагт хандахыг хүссэн. “ВВС” агентлагт Пакистан гаралтай нэг эгч сэтгүүлчээр ажилладаг байсан юм. Би түүнтэй 2008 онд танилцаж, удалгүй эгч дүүс болцгоосон. Би эмэгтэйчүүдийн боловсролын асуудлаар өөрийн үзэл бодлоо хуваалцахын тулд тэр эгчийг дэлхийтэй харьцах гүүрээ болгосон.
“I am Malala” буюу “Би бол Малала” гэсэн хөдөлгөөн цар хүрээгээ тэлсээр байна?
Би Холливуудын одод шиг нэр алдартай болохыг хүсээгүй. Зүгээр л надаар төлөөлүүлж, олон оронд эрх зөрчигдөж буй өсвөр насны охидын үнэн түүхийг мэдээсэй гэж хүссэн. “Би бол Малала” хөдөлгөөн хүрээгээ тэлэх нь олон охидод тустай.
Өмнө нь эх орондоо байхдаа үргэлж айдаг байсан гэсэн. Одоо айж байна уу?
Би одоо айхгүй байна. Өмнө нь айдаг байсан. Талибанчууд яагаад намайг, Исламын шашинтай эмэгтэйчүүдийг ийм их айдсаар булшилсан юм бэ. Би том болоод шударга ёсны төлөө, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахын төлөө хийж чадах бүх зүйлийг хийнэ. Пакистанд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалдаг ганц ч байгууллага байдаггүй. Би илүү хүчтэй болохоороо Пакистанд эмэгтэйчүүдийг хамгаалдаг олон байгууллага байгуулах болно. Энэ бол миний хийж чадах ганц зүйл.
Пакистанд эмэгтэйчүүдийн эрх ямар түвшинд явж байна вэ?
Пакистан улсад эмэгтэйчүүдийг хөдөлмөрлөж, ажил хийхийг хориглодог учраас охин хүүхэд тэжээх нь зардлын нэмэр гэж үздэг. Мөн Пакистаны Засгийн газрын зүгээс “Боловсролын системийг сайжруулж байгаа” гэсэн ч өнөөдрийн байдлаар 55 сая иргэн бичиг үсэг тайлагдаагүй хэвээр байгаа. Пакистаны эмэгтэйчүүдийн 91 хувь нь бичиг үсэгт тайлагдаагүй.
Саяхан таныг буудсан гэмт этгээдүүд баригдсан. Энэ тухайд?
Тэд буруугаа мэдэж байгаа бол би тэднийг уучилсан.
Малала чи эргэн тойрноо хараач. Чиний ганцхан үг дэлхийг өөрчилж байна?
Бүх эмэгтэйчүүд боловсролтой болбол үхсэн ч харамсахгүй.
Бага насны хүүхдүүдэд боловсрол олгох асуудалд НҮБ-ын хүний эрхийг хамгаалах байгууллага, хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагуудтай хамтарч ирэх сарыг “Хүүхдийн эрхийг хамгаалах сар” болгон зарлаж байгаа?
Ирэх сард эхний ээлжинд Энэтхэг, Өмнөд Судан зэрэг орон төлөөлөгчөө явуулан, сургуулийн насны хүүхдүүдтэй уулзаж санал бодлыг, сурах орчинтой нь танилцахаар болсон. Жишээ нь, Өмнөд Суданд 14-16 нас хүрч буй 100 мянган охидоос дөнгөж 400 гаруй нь сургуульд явдаг гэсэн судалгаа байдаг. Мөн Пакистанд ойролцоогоор 28 сая сургуулийн насны охид, хөвгүүд хөдөлмөр эрхэлж, нийгэмд өөрийн гэсэн байр суурь байхгүй хэвээр байна. Би сайн хэлж мэдэхгүй байна. Ирак, Иран, Сири, Ливи, Йордон зэрэг дайнтай улсад хэдэн хүүхэд хохирогч болж байгааг. Энэ аяны хүрээнд эхний ээлжинд тэдний тоог гаргахад оршиж байна.
Таны хөтөлдөг өдрийн тэмдэглэлийг Бан Ги Мүн “Анна Франкийн өдрийн тэмдэглэл”-тэй эн тэнцүү гэж хэлсэн?
Асар богинохон хугацаанд ч утга төгөлдөр амьдарч болохыг харуулж чадсан охин бол 15 насандаа нацист Германы хорих лагерьт нас барсан Анна Франк хэмээх еврей охин. Түүний бичиж үлдээсэн өдрийн тэмдэглэл нь фашизмын гамшиг, дэлхийн II дайны үеэр еврейчүүдийн туулсан зовлон, амьдрах хүсэл тэмүүллийн гайхамшигт гэрч болон үлдсэн. Миний тэмдэглэл энэ охиныхтой эн тэнцүү гэж хэлэхээс ичиж байна.
Мэдээ бэлтгэсэн: Б.Дэлгэрцэцэг
Эх сурвалж: WWW.INTERNOM.MN
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...