Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Баялгийн сан буюу Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төслийг холбогдох бичиг баримтын хамт УИХ-ын Бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулийн дагуу УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргад тов тогтоолгохоор хүргүүллээ.
Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэн батлуулснаар Монгол Улсын урт хугацааны эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийг хангах, эрдэс баялгийн нөөц шавхагдаж, эрдэс баялгийн орлого буурах үед уг бууралтын тодорхой хэсгийг нөхөх хуримтлалын санг бүрдүүлэх юм.
Баялгийн сангийн механизм нь макро эдийн засгийн менежментийн илүүтэй ухаалаг, урт хугацааны тогтолцоог бүрдүүлэн, улс орны тогтвортой хөгжлийн шинэ загварыг бий болгоно. Үүнээс гадна хөрөнгө санхүүгийн хадгаламжийг хуримтлуулж, үе хоорондын баялгийн зөв хуваарилалтын механизмыг тогтоох юм. Мөн дэлхий дахинд болон дотоодын эдийн засагт учирч болзошгүй эдийн засаг, санхүүгийн хямралын эсрэг дархлааг сайжруулан, эрсдэлээс зайлсхийх боломжийг илүүтэй хангаж өгөх юм.
Монгол улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн санаачилгаар эхлүүлсэн Ирээдүйн өв сангийн тухай буюу Баялгийн сангийн тухай хуулийн төслийг иргэд, залуу хойч үеийнхэнд танилцуулах хэлэлцүүлэг өчигдөр Блью Скай Тауэрт болов.
“NextGen” залуу мэргэжилтнүүдийн хөдөлгөөнөөс зохион байгуулсан хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэний оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж, Сангийн яамны Санхүүгийн бодлого, өрийн удирдлагын газрын Баялгийн сангийн хэлтсийн дарга Б.Төгөлдөр, Эдийн засагч С.Боргил нар илтгэл тавьж, залуусын асуултад хариулсан юм.
Монголын шинэ залуу мэргэжилтэн, боловсон хүчний 200 гаруй төлөөлөл хуулийн төслийн үзэл баримтлалтай дэлгэрэнгүй танилцаж, саналаа хүргүүлсэн нь аливаа хуулийг ийнхүү нийтээр хэлэлцүүлэхийн ач холбогдлыг оролцогчдод харуулаад зогсохгүй олон талын саналыг нэгтгэхэд ач тустай байсныг зохион байгууллагчид онцолж байгаа юм.
Хэлэлцүүлгийн эхэнд нийт оролцогчдын гуравны нэг нь баялгийн сангийн талаар ойлголттой байсан бол хэлэлцүүлгийн эцэст өрнөсөн санал асуулгаар оролцогчдын 93.2 хувь нь Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төслийг дэмжсэн байна.