Айлын хатавчинд амьдрах хүсэл алга
- schedule 2014 оны 9 сарын 8
- chat_bubble 0
МАН-тай хамтарна гэдэг нь Засгийн газраа огцруул гэсэнтэй адил сонсогдож байна
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-БНХАУ-ын болон ОХУ-ын Төрийн тэргүүн нар айлчлаад буцлаа. Эдгээр айлчлалаас Монгол Улс хүлээж байсан үр дүндээ хүрч чадав уу. Гэрээ хэлэлцээр байгуулдаг ч ажил хэрэг болохдоо удаан байгаа нь юунаас болж байна вэ?
-Хоёр хөршийн айлчлал Монгол Улсын худалдаа, эдийн засгийн бодлогод түүхэн эргэлт хийх боломж олголоо. Ялангуяа хөрш орнууд Монгол Улсыг тусгаар тогтносон итгэлт түнш гэдгийг нотолсон нь онцгой ач холбогдолтой.
Энэхүү айлчлалыг зохион байгуулж, үр дүнд хүргэхэд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурвын нэгдмэл ажиллагаа онцгой байсан гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Монголын ард түмэн нийтээрээ айлчлалд сэтгэл тавьж, улс орноо гэсэн сэтгэлээр хандсан нь хүн бүрийн эх орноо гэсэн сэтгэлийн илэрхийлэл байлаа.
Засгийн газрууд бэлтгэл ажлыг хангахад сайн ажилласан гэж хоёр хөршийн төрийн тэргүүнүүд онцолж байсныг хэлэх нь зүйтэй.
Айлчлалын үр дүнд хүлээгдэж байгаа асуудлуудад хайнга, хариуцлагагүй хандаж болохгүй. Эцэслэн шийдвэрлэхэд бидний ажил хэрэгч, шуурхай байдал юу юунаас илүү чухал.
-Эдийн засгийг идэвхжүүлэх 100 хоногийн хугацаа дууссан. Гэвч тодорхой үр дүн харагдахгүй байна. Өргөн хэрэглээний барааны үнэ өссөн хэвээр, иргэдийн амьдралд нөлөөлсөөр байна. БНХАУ-ын даргын айлчлалын дараа ам.долларын ханш буурч байгаа ч гал унтраах түр зуурын арга хэмжээ гэж хардах хүн олон байна. “Энэ хугацаанд үр дүн гарахгүй бол олонхийн бүлэг өөрөө Засгийн газрыг яахаа шийднэ” гэж та өмнө нь мэдэгдсэн. Одоо Ардчилсан намын бүлгийн зүгээс Засгийн газрын бүтцийг өөрчлөхөөс эхлээд ямар нэг алхам хийх үү?
-Өнгөрсөн хоёр жилд манай улсын эдийн засагт суурь өөрчлөлт гарсныг, гарч байгааг анзаарахгүй өнгөрч болохгүй. 80 орчим хувь нь уул уурхайгаас хараат эдийн засагтай байсан нь дэлхийн зах зээл дээр бүтээгдэхүүний үнэ, экспортын уналт гарахад ямар хүндрэл үүсдгийг бид биеэрээ амслаа. Ийм суурьтай байсан эдийн засаг уул уурхайн шууд хараат байдлаас аажим ангижирч, хөдөө аж ахуй, барилгын үйлдвэрлэл давамгайлж эхэлж байгаа нь зөв өөрчлөлт гэж харж байна.
Эдийн засгийн сууриа өөрчлөх зайлшгүй шаардлага бидний өмнө тавигдсан учраас УИХ эрх зүйн олон шинэтгэлийг эдийн засгийн эрчимжүүлэх ажлын эхлэл болгон хийсэн. Энэ орчинд эдийн засгийг идэвхжүүлэх үүргийг Засгийн газарт өгсөн. 100 хоногт Засгийн газар юу амжуулснаа тайлагнана. Сонсоно. Экспорт, хөрөнгө оруулалт тогтворжиж, импорт орлох үйлвэрлэлээ дэмжих, иргэдээ орон сууцны зээлээр дэмжих, орон нутаг бие даан хөгжих хандлага эхэлж буй нь зөв эхлэл. Ам.долларын ханш валютын орох урсгал, эрэлтээр бодит хэлбэлзэл үүсч байгаа гэж ойлгож байна. Цаашид хоёр хөрштэйгөө хийх гэрээний дагуу асуудлуудыг шийдвэрлэвэл бидэнд илүү гэгээтэй дүр зураг харагдана. Хамгийн гол нь бид дотооддоо улс төрийн тогтвортой орчныг бүрдүүлж, өмнөө байгаа асуудлуудаа шийдэж явах нь чухал. Шаардлагатай бол Засгийн газарт бүтцийн өөрчлөлт хийх ёстой гэдэг байр суурь хэвээрээ байгаа.
-Шүүмжлэлд өртдөг зарим сайдыг огцруулах, эсвэл бүтцийн өөрчлөлт хийх зэрэг ямар нэг алхам хийхгүй бол Ардчилсан намын нэр хүндэд сөрөг тусаад байгаа юм биш үү. Дараагийн сонгуулиар танай намыг дэмжих хүмүүс хэр олон байх бол?
-Ардчилсан намын нэр хүнд улс оронд хамтдаа хийж бүтээсэн ажлаар хэмжигдэнэ. Түүнээс биш улстөржилтөөс үүдэлтэйгээр ганц нэг сайдыг огцруулах, хэн хүнтэй сайндаж муудсанаар асуудлыг шийдэхгүй. Улс төрийн намд хамтын хариуцлага байдаг. Сонгуулиас сонгуулийн хооронд амь тээх нь намын гол зорилго байж болохгүй. Хоёрхон жилийн дараа ард түмэн хийж бүтээсэн зүйлд дүн тавина гэдэгт эргэлзэхгүй байна.
-УИХ дахь Ардчилсан намын бүлэг Засгийн газраа ямар ч хамаагүй үнээр хамгаалдаг гэх яриа бий. Сөрөг хүчний зүгээс Ерөнхий сайд болон зарим сайдыг огцруулах асуудал оруулах бүрт хамгаалж авч үлдэж байсан. Та нар энэ Засгийн газарт алдаа байхгүй гэж үзэж байна уу. Засгийн газрыг огцруулахгүй хамгаалах шалтгаан нь юу юм бэ. Дахин алдаа гаргахыг хүлээж байгаа хэрэг үү?
-Би юм бүхний сайн талыг эхэлж харахыг хичээдэг. Шинэчлэлийн Засгийн газар хамгийн нээлттэй, ажил хэрэгч Засгийн газар. Ажил хийж байгаа хэн боловч мэр сэр алдаа гаргасан байхыг хэн ч үгүйсгэхгүй байх. Гагцхүү алдаагаа цаг алдалгүй засах мэдрэмж, чадвартай байх ёстой. Улирал бүр засгийг, сайдыг сугалж огцруулах гэдэг сөрдөг нөхдийн үг, үйлдэл бүр нь улс төржилт болж, төрийн тогтвортой ажиллагааг алдагдуулахын зэрэгцээ Засгийн газрын хийж бүтээх цагийг хий хоосон үрж байна.
Засгийг солилоо гэхэд шинэ хүмүүс шижигнэтэл ажиллана гэсэн баталгаа байхгүй. Тэр тусмаа чухал айлчлалуудын бэлтгэлийг хангаж, зорилгоо тодорхойлон гэрээ хэлэлцээр эхэлсэн засгийг хорлоё гэх гээгүй юм бол огцруулах онцгой нөхцөл үүсээгүй гэж үзэж байна.
-Жижиг намуудын зүгээс Засгийн газрыг огцруулахыг шаардаж, үндэслэлээ нэмсээр байна. Үүнд ямар тайлбар хэлэх вэ?
-Монгол Улс Үндсэн хуульт улс. Үндсэн хууль зөрчсөн үйлдлээр нийгмийн уур амьсгалыг тогтворгүй болгох оролдлогыг өөгшүүлэх эрх бидэнд байхгүй гэдгийг хаана хаанаа санахад илүүдэхгүй. Сонгуулиар байгуулсан төрийн институцийг тавхан хүний шаардлагаар өөрчлөөд байх юм бол төр гэж байхын хэрэг байгаа юм уу.
-Ардчилсан нам доторх фракциудын зөрчил Засгийн газрыг ганхааж мэдэхээр байна. “Шонхор” фракцийн З.Энхболдыг дараагийн Ерөнхий сайд болно гэх зэргээр хэвлэлүүд мэдээлээд эхэлчихсэн. МоАХ-ныхон ч зүгээр суугаагүй. Дотроо зөрчилдөх нь сайн зүйлд хүргэхгүй. Ардчилсан намын удирдлагууд фракцийн зөрчлөө шийдэх үү. Ардчилсан байдлын илэрхийлэл гээд хараад суух уу?
-Хэвлэлээр шуугисан болгоныг асуудал болгох сонирхол үнэндээ алга. Орон гэрээ нураагаад айлын хатавчинд амьдрах хүсэл хэнд байх вэ дээ. Манайхан цуглаж л байдаг, ярьцгааж л байдаг. Холын замд бие биедээ хань болж чадахгүй юм бол хаа ч хүрч чадахгүй.
-Чуулганы завсарлагаанаар танай намын фракциуд тус тусдаа хуралдаж байна. Таны харьяалагддаг МҮДН фракц энэ сарын 8-нд хуралдах мэдээлэл байна. Энэ үнэн бол ямар асуудал хэлэлцэх вэ?
-Залуучууд цугларалтдаа гишүүдийг урьсан, хүлээж авсан.
-Ардчилсан нам МАН-тай хамтарч Засгийн газар байгуулах тухай мэдээлэлд ямар тайлбар өгөх вэ?
-МАН-тай УИХ-ын түвшинд ойлголцож ажиллах эрмэлзлэл бидэнд байгаа. 2014 оны хаврын чуулганы сүүлчээр олонхи байнгын хороодоос зарим гишүүнээ чөлөөлж, МАН-ын бүлгийн гишүүдийг оруулсан нь зөв алхам гэж үзэж байна.
Хамтарна гэдэг нь Засгийн газраа огцруул гэсэнтэй адил сонсогдож байна.
-Б.Баабар “Улс төртэй ямар ч холбоогүй, мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн Засгийн газар байгуулах нь эдийн засгийн хямралыг давах зөв алхам” гэж санал дэвшүүлсэн байна лээ. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?
-Б.Баабар гуайн "шинэ санаачилга" гэж ойлгож байна. Улс төрийн бодлогогүй Засгийн газар байдаг гэдгийг биогт сонсож байгаагүй.
-Амралтын үе дууслаа. Ардчилсан намын бүлэг наймдугаар сард шаргуу ажиллана гэж байсан. Танай гишүүдийн ирц одоо хэр байна вэ?
-Шаргуу ажилласан. Заавал зарлах ёстой байсан уу? Наймдугаар сар хамгийн их ачаалалтай сар байлаа. Хоёр хөршийн айлчлалын бэлтгэл ажлыг хангахад манай гишүүд болон Засгийн газар бүрэлдэхүүнээрээ ажилласан. Үр дүн чухал шүү дээ.
С.ТУУЛ
Эх сурвалж: WWW.NEWS.MN
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...