Ой тогтоолтын дээд амжилтыг шинэчиллээ
- schedule 2014 оны 9 сарын 2
- chat_bubble 0
Энэтхэгийн ой тогтоолтын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд Монгол, Энэтхэг, Швед, Америк, Индонези зэрэг 5 улсын нийт 80 тамирчин бүтэн өдрийн турш харааны болон сонсголын ой тогтоолт шалгасан 10 төрлөөр оюунаа уралдуулж аваргуудаа тодрууллаа.
Тус тэмцээнд манай улсаас Монголын Оюун Ухааны академийн 3 тамирчин дасгалжуулагч, ОУ-ын шүүгч Х.Хатанбаатарын хамт маш амжилттай оролцож 30 медалийн 9-ийг нь хүртэн, дунд насны ангилалд Дэлхийн 2 дээд амжилтыг шинэчлэн тогтоон багийн оноогоор тэргүүллээ.
Олон улсын аварга 16 настай Э.Энхмөнхийн хувьд 2 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртэн нийлбэр оноогоор нийт 80 тамирчнаас 2-р байрт орсон ба дунд насны ангилалдаа түрүүллээ. Тэрээр “Хөзөр” цээжлэх хурдны төрөлд нэг багц хөзрийг 33 секундэд тогтоон алдаагүй нэрлэснээр Хятадын тамирчны эзэмшиж байсан дээд амжилтыг шинэчлэн тогтоосон юм.
Өнгөрсөн жил Лондонд болсон Дэлхийн аваргын тэмцээний дунд насны ангилалд мөнгөн медаль хүртэж байсан 14 настай З.Цэцэгзулын хувьд 2 хүрэл медаль хүртэж ерөнхийгөөр 5-р байрт орж дунд насны ангилалд дэд байрыг эзэллээ.
Саяхан болсон Филиппиний тэмцээний аварга 16 настай Т.Энхжин 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртэн “Хоёртын тоолол” төрөлд 5 минутад 750 цифр тогтоон алдаагүй нэрлэснээр урьд өмнө З.Цэцэгзулын (736 цифр) эзэмшиж байсан дэлхийн дээд амжилтыг шинэчилэн тогтоолоо.
Энэ удаагийн тэмцээнд дэлхийн чансаанд 3-т бичигддэг Шведийн тамирчин, Дэлхийн аварга, ОУ-ын Их Мастер Jonas von ESSEN оролцсон нь өрсөлдөөнийг ширүүн болгосон ба тэрээр нийлбэр оноогоор тэргүүлж цом хүртлээ.
Энэ гайхалтай амжилтыг гаргахын төлөө маш их хичээл зүтгэл гаргаж уйгагүй бэлдэж байсан багш Б.Баасандорж болон тамирчиддаа баярлалаа.
Тэмцээнд тамирчдынхаа хамт оролцоход тусалж дэмжсэн академийн хамт олон мөн тамирчдынхаа гэр бүлийнхэнд талархсанаа илэрхийлье. З.Цэцэгзулын зардлыг ивээн тэтгэсэн оюунлаг үйлсийг дэмжигч Төрийн банкны хамт олны ажил үйлс нь үргэлж өөдөө байх болтугай. Түүнчлэн дэмжиж байсан бүх Монголчууддаа баярлалаа.
Дараагийн тэмцээн Гонконгт 9 сарын 13, 14-нд болох ба энэ тэмцээнд манай улсаас 10 тамирчин оролцоно.
Дасгалжуулагч, ОУ-ын шүүгч Х.Хатанбаатар
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...