Дэлхийн хамгийн баян 10 эмэгтэй поп одууд
- schedule 2014 оны 8 сарын 30
- chat_bubble 0
Дэлхийн дуу хөгжмийн ертөнцийн хамгийн баян хатагтай нарыг товч танилцуулья.
10. Жанет Жексон – 160 сая ам.доллар
Попын хаан Майкл Жексоны дүү тэрээр өөрийн гэсэн алдар хүндийг босгож чадсан нэгэн. Дуучин, жүжигчин Жанет багаасаа л гэр бүлийн "Жексон" хамтлагт дуулж эхэлсэн. 16 настайдаа анхны цомгоо гаргаж байжээ.
Тэрээр өнөөдөр олон арван жилийнхээ амжилтын үр дүнд 140 гаруй сая хувь бичлэг борлуулж, 160 гаруй сая ам.долларын хөрөнгө цуглуулж чадсан байна.
9. Тина Тернер – 350 сая ам.доллар
Анна Мей Баллок буюу Тина Тёрнер 1958 оноос дуу хөгжмийн ертөнцөд орж Айк Тёрнерийн студид анхныхаа дууг бичүүлж байжээ. 1960 оноос түүнтэй гэрлэж Тина Тёрнер гэдэг нэрээр уран бүтээлээ туурвих болсон.
Поп рок, R&B урсгалаар дуулдаг тэрбээр 1978 оноос Айкаас салж гоцлол уран бүтээлээ хийх болсон аж. Тина 60, 70, 80-аад онд ид мандан бадарч байсан юм. Тэрээр өөрийнхөө тухай “Би Тина” дурсамж номоо бичсэн нь шилдэг борлуулалттай номоор шалгарч байжээ.
Тина Тёрнер 1999 оноос хойш цомог гаргаагүй хэдий ч түүнээс хойш цомгууд нь дахин дахин хэвлэгдсээр, борлогдсоор байсан юм. Тина Тёрнер эд карьерийнхээ хугацаанд 350 сая ам.долларын хөрөнгөтэй болж чаджээ. Хөрөнгийнхөө ихэнхийг дуу хөгжмөөсөө олсон байна.
8. Аюми Хамасаки – 400 сая ам.доллар
Аюмиг баруунд бага мэддэг хэдий ч Япон, Зүүн, Зүүн өмнөд, Өмнөд Азид алдар нэрээ дуурсгаж яваа дуучин. Ая зохиож, загвар өмсдөг, жүжиглэдэг гээд олон дөвхөр авъяастай. Япондоо бол попын хатан хаан хэмээгддэг хамгийн алдартай хүн. Тэр Лэди Гагатай адил байнга гадаад төрхөө өөрчилдөг.
Энэ жил 36 нас хүрэх Аюми 1993 оноос урлагийн ертөнцөд хөл тавьж 1999 онд анхны цомгоо гаргаж байжээ. Түүний 15 цомог нь Японд гэхэд 53 гаруй сая хувь зарагдан улсынхаа дээд амжилтыг тогтоогоод байгаа аж. Бас 10-аад кинонд тоглоод байгаа.
Аюми олон компанийн нүүр царай болж бараа бүтээгдэхүүнийг нь сурталчилдаг. Одоогоор 400 сая ам.доллараар үнэлэгдэх хөрөнгөтэй. 2011 оны аймшигтай газар хөдлөлтийн гамшгийг арилгахад 30 сая иен хандивлаж байжээ.
7. Шер –450 сая ам.доллар
Шер /Шерилин Саркисян/ 1960-70 онд дуучин Соннитэй дуэт дуулан олны хайрыг булаасан дуучин болсон. Тэд гэрлэцгээсэн хэдий ч дараа нь салцгаасан. 1970 оны дунд үеэс бие дааж уран бүтээлээ хийснээр асар их амжилтыг олсон байна. Тэр дуулахаас гадна ТВ-ийн нэвтрүүлгүүдэд оролцож кинонд тоглож байв.
Шер загвар өмсөж, 12 ТВ-ийн шоунд, 13 кинонд тоглож байжээ. Урлагийн ертөнцөд 40 гаруй жил дуулахдаа 25 цомог гаргаж, 100 сая гаруй хувиар борлуулсан байдаг аж.
68 настай түүний урлагийн ертөнцөд амьдрах хугацаандаа олсон хөрөнгийн хэмжээг 450 сая ам.доллар гэж үнэлжээ.
6. Бейонсе –450 сая ам.доллар
1997 оноос Destiny’s Child хамтлагаас урлагийн гараагаа эхлүүлсэн дуучин,бүжигчин бүсгүй.
Тэр реппер Жей-Зитэй гэрлэснээр шоу бизнесийн хүчирхэг гэр бүл болсон. Өнөө цагийн супер дуучдын нэг Бейонсе бас олон кинонд /10/ тоглоод амжсан. Бейонсе Ноулз дэлхий даяар 5 цомгийг 118 сая хувиар борлуулаад байгаа бөгөөд 2013 оны байдлаар 390 сая, 2014 оны хагас жилийн байдлаар 450 сая гаруй ам.долларын хөрөнгөтэй болоод байна.
Бейонсе Грэммийн түүхэнд дэх хамгийн олон шагнал /17/ хүртсэн гурав дахь амжилтын эзэн. Нийтдээ янз бүрийн хөгжмийн наадмуудад 530 удаа нэр дэвшиж 482 удаа ялсан агуу дуучин юм.
5. Мэрайя Кэри – 500 сая ам.доллар
Хайрын дууч Мэрайя Кэри 90-ээд оны эхэн үеэр гэнэт тэсрэлт хийн гарч ирсэн бөгөөд анхны цомог нь асар их амжилт, мөнгө, нэр хүндийг дагуулсан байдаг.
2007 онд "Форбес" сэтгүүлээс энэхүү 45 настай алдарт дуучны хөрөнгийг 270 сая ам.доллар хэмээн тооцоолж урлагийн ертөнцийн 5 дахь хамгийн баян эмэгтэйгээр тодруулж байсан бол 2011 онд түүний хөрөнгийг 500 сая ам.доллар гэж үнэлжээ.
"Grammy Awards"-ийн 5, "World Music Awards"-ийн 19, "American Music Awards"-ийн 11, "Billboard Music Awards"-ийн 31 удаагийн шагналтай алдарт дуучин дэлхий даяар 200 саяас дээш цомог борлууллаад байгаа. Тэрээр 9 кинонд толосон байна.
4. Бритни Спирс –500 сая ам.доллар
Попын гүнж 1992 оноос 11 настайгаасаа дуу хөгжмийн ертөнцөд хөл тавьсан. 1999 оноос анхны цомгоо гаргаж, тэр цагаас эхлэн цомгууд нь дэлхий даяар сая саяараа зарагдан алдар хүндийн оргилд богино хугацаанд цойлон гарч ирсэн.
Нэр хүндтэй болохын хэрээр дэлхийд алдартай Пепси, Сони гэх мэт олон компаниудын нүүр царай болж байсан.
33-хан настай 2 хүүхдийн ээж попын гүнж маань 8 цомог гаргаж дэлхий даяар 100 гаруй сая хувиар борлуулаад байна. Бас 5 кинонд тогложээ.
Бритни өөрийн гэсэн гоо сайхны болон сүрчигийн нэрийн бараатай. Бритнигийн нэрийн бараа дэлхий даяар эхний 5 жилдээ нэг сая ширхэг борлогдон 1.5 тэрбум ам.долларын орлого олсон байдаг.
Бритни урлагт хөл тавьсан хугацаандаа нийт 500 сая ам.долларын хөрөнгө цуглуулж чаджээ.
3. Селин Дион – 600 сая ам.доллар
Канадын алдарт дуучин Селин Дион 1980 онд анх тайзнаа гарсан бөгөөд түүнээс хойш маш олон цомог гаргаж, аялан тоглолт хийж, бас кинонд тогложээ. Селин олон компанийн нүүр царай болохоос гадна нөхөртэйгээ Вегас шоуг эзэмшдэг.
Селин Дион англи хэлээр дуулахаас гадна франц хэлээр дуулдаг бөгөөд эдгээр хэлээр дуулсан бичлэгтэй цомгуудаас D'eux цомог борлуулалтаараа тэргүүлдэг аж.
2004 он гэхэд 175 сая цомог дэлхий даяар борлуулж бүх цаг үеийн хамгийн их цомог борлуулсан эмэгтэй дуучин болж байжээ. Одоо түүний цомгийн борлуулалт 200 саяас даваад байгаа. Цомгийн 14 дууг франц хэл дээр, 11-ийг нь англи хэл дээр дуулжээ.
Түүний хөрөнгө одоогоор 600 сая ам.доллараар үнэлэгдэж байна.
2. Барбара Стрейзанд –650 сая ам.доллар
Мадонна, Мэрай, Бейонсе нараас өмнө Барбара Стрейзанд хэмээх бүсгүй урт удаан хугацаанд дуу хөгжмийн ертөнцөд ноён оргил нь байж ирсэн.
Тэртээ 1955 оноос уран бүтээлийн гараагаа эхлүүлсэн бөгөөд эдүүгээ 72 насыг зооглож байна. Энэ хугацаандаа дэлхий даяар 39 цомгийг 245 сая хувь борлуулсан байна. Тэрбээр 51 алтан, 30 платиниум, 13 мулти-платиниум цомогтой. Түүний концертийн тасалбар 1,500 ам.долларт хүрч байжээ.
Энэ агуу эмэгтэй дуулахаас гадна, ая зохиогч, продюсер, найруулагч, жүжигчин хүн. Тэрбээр "Эмми", "Тони", "Грэмм" зэрэг хөгжмийн наадмын шагналуудыг тоолж барамгүй олон удаа хүртсэн.
Барбара Стрейзанд шоу ертөнцөд чамгүй хөлс хүчээ гаргасны дүнд 650 сая ам.долларын хөрөнгөтэй болсон байна. Тэр дэлхийн хамгийн баян уран бүтээлчдийн тоонд ордог.
1.Мадонна –1,0 тэрбум ам.доллар
Эн дэлхийн хамгийн алдартай, хамгийн баян дуучин бол попын хатан хаан Мадонна. Тиймээ түүнтэй өрсөлдөх хэн ч байхгүй. Түүний талаар мэдэхгүй хэн ч байхгүй биз.
Шоу, сенсаци ямар байдгийг тэр л жинхэнэ утгаар нь гаргаж ирсэн.
Мадонна урлагт зүтгэсэн 30 гаруй жилийн хугацаанд 12 цомог гаргасан байдаг. Тийм цөөн цомог гаргасан хэдий ч 1.0 тэрбум ам.долларын хөрөнгийг цуглуулж чадсан гэхээр попын хатан хаан гэлгүй яахав. Тэр дуулахаас гадна киононы салбарт хүчээ үздэг. 20 кинонд тоглосон.
Энэ жил 56 нас хүрсэн хатан хаан маань 1979 оноос урлагийн тайзан дээр анх гарч 1982 онд анхны цомгоо гаргажээ. Одоогоор дэлхий даяар 300 гаруй сая хувиар цомгоо борлуулаад байгаа гэнэ. Энэ амжилтаараа бүх цаг үеийн хамгийн их цомог борлуулсан эмэгтэй дуучнаар тодорч Гиннесийн номонд оржээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...