В.Путиныг тойрсон хүлээлт
- schedule 2014 оны 8 сарын 29
- chat_bubble 0
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний айлчлал эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Энэ үеэр юу ярилцах вэ гэсэн таамаглал аль хэдийнэ хөвөрч эхэлжээ. Аливаа айлчлалын үеэр талууд харилцаагаа ахиулахыг, тодорхой санал хүсэлтээ ажил хэрэг болгохыг зорьдог. Яг л энэ жишгийн дагуу удахгүй болох хойд хөршийн Төрийн тэргүүний айлчлалаас бид бодит үр дүн хүлээж байгаа. Түүний өмнөхөн БНХАУ-ын дарга Си Зиньпин манай улсад айлчлах үеэр хоёр улс стратегийн иж бүрэн түншлэлийн гэрээ байгуулсан.
Мөн Монгол Улс тэдний найман боомтыг ашиглаад транзит тээвэр хөгжүүлэх, ялтнуудаа шилжүүлж авах боломж бүрдэж буй билээ. Үүнээс гадна манай улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалд халдсан элдэв мэдээллийг хазаарлахыг манай тал хүссэн. Тэд ч манай улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалд халдсан ямар нэг үйлдэл хийхгүй гэдгээ баталсан нь бас нэг үр дүн байв. Өөрөөр хэлбэл, энэ айлчлал хоёр талд харилцан ашигтай болж өнгөрсөн. Тиймээс иймэрхүү хэмжээний үр дүнг В.Путиний айлчлалаас хүлээх уур амьсгал бий болжээ.
ХИЙН ХООЛОЙГ МОНГОЛООР ДАЙРУУЛАХ СОНИРХОЛ
Түүний айлчлалын үеэр ярих, манай талаас шийдүүлэхийг хүссэн нэг том асуудал нь ОХУ-аас БНХАУ-д нийлүүлэх хийн хоолойг эх нутгаараа дамжуулах явдал. Өнгөрсөн тавдугаар сард ОХУ-ын “Газпром” компани, БНХАУын үндэсний нефть, хийн CNPC корпорац байгалийн хий нийлүүлэх 30 жилийн хугацаатай, 400 тэрбум долларын гэрээг Шанхай хотод баталсан. Энэ ажилд оролцох, хийн хоолойг нутаг дэвсгэрээрээ дамжуулах нь манай улсын үе үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын анхааралд байсан асуудал юм. Тиймээс өнгөрсөн тавдугаар сард Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Шанхайд, Ерөнхий сайд Санкт-Петербургт ОХУ-ын Төрийн тэргүүнтэй уулзахдаа энэ сонирхлоо илэрхийлж, хариуд нь “Монгол Улсын нутгийн аль хэсгээр хоолой дамжуулахаа судалъя” гэсэн ам авсан билээ. Тиймээс ОХУ-ын Ерөнхийлөгчийг Монгол Улсад айлчлах үеэр энэ амлалтыг нь албажуулж, ажил хэрэг болгох зорилго манай улсад бий.
БНХАУ руу баруун чиглэлээр тавих хийн хоолойг манай улсаар дамжуулах боломж байгаа юм. Тэд Казахстанаар энэ шугамаа татвал 4000 км болно. Харин Монголыг сонговол 1500 км хийн хоолой татахад л хангалттай. Нэг ёсондоо тэд хөр өнгөө хэмнэнэ. Манай улсын хувьд ДНБ-ий эргэлт болох 10 тэрбум долларыг зөвхөн транзит тээврээс босгох боломж бүрдэх юм. Тал талдаа ашигтай хэлцэл байх болно гэсэн үг. Украины асуудлаас үүдэлтэйгээр ОХУ-ын сонирхол Ази руу чиглэж байгаа нь нууц биш. Тэр тусмаа манай хоёр хөрш хамтын ажиллагаагаа өргөжүүлж эхэлсэн энэ үед Монгол Улс руу чиглэсэн сонирхол нь улам нэмэгдэж байгаа. Хоёр их гүрнийг холбосон геополитикийн давуу талаа бид ч бас өөрт ашигтайгаар эргүүлэх учиртай. Тиймээс энэ асуудлыг ажил хэрэг болгох нь айлчлалын онцлох сэдэв байх болов уу.
ТРАНЗИТ ТЭЭВЭР
Далайд гарцгүй орны хувьд Монгол Улс хэзээд гуравдагч зах зээл рүү бараа, бүтээгдэхүүнээ экспортлох боломж хайсаар ирсэн. БНХАУ-ын даргын айлчлалын үеэр тэдний нутгаар дамжуулсан гарц нээж чадсан бол одоо хойд хөршөөр дамжуулан Европын орнууд руу гарах сонирхол манайд бий. Өнгөрсөн тавдугаар сард Санкт-Петербургт талууд Европ, Азийг холбох авто болон төмөр зам, хийн хоолой, эрчим хүчний шугам, нефтийн транзит тээврийн хонгил бий болгох “Талын зам” төслийн үндсийг тавьсан. Тэгэхээр айлчлалын үеэр энэ төслийг ажил хэрэг болгох яриа хэлэлцээ ч үргэлжлэх биз ээ. Төмөр замын тухайд ОХУ ч өөрийн сонирхолтой.
Тэдний хувьд монголчууд өргөн царигаар замаа тавих нь ашигтай. Гэхдээ БНХАУ-ын даргын айлчлалаар транзит тээврийн асуудлыг шийдсэнээр манай улс урагш чиглэлд төмөр замаа нарийнаар тавих нь тодорхой болоод байгаа юм. Энэ асуудлаар ОХУ-ын тал өнгөрсөн хавар байр сууриа илэрхийлчихсэн. Тэд “Энэ бол танай орны асуудал” гэсэн утгатай хариулт өгсөн. Тиймээс ОХУ-ын Төрийн тэргүүн энэ удаа хойш чиглэлд тавих төмөр замын асуудал, мөн ачаа тээвэр, дэд бүтцийн хөрөнгө оруулалт тойрсон сэдвээр ярилцах биз ээ. Үүнээс гадна харилцааны түвшингээ ахиулах нь чухал. Мөн хоёр орны иргэдийг харилцан визгүй зорчуулах тухай асуудлыг ч талууд хөндөх байх. Албан ёсны хөтөлбөр, мэдээлэл гараагүй ч хойд хөршийн Төрийн тэргүүний айлчлалаар монголчуудын онцолж хүлээсэн зүйлс нь дээрх байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...