Медалийн буухиа тасарсангүй
- schedule 2014 оны 8 сарын 28
- chat_bubble 0
-Чөлөөт бөхийн 46 кг-ийн жинд барилдсан спортын мастер Б.Дөлгөөн мөнгөн медаль хүртлээ
БНХАУ-ын Наньжин хотноо дэлхийн залуучуудын II наадам 14 дэх өдөртөө үргэлжилж, өндөрлөх гэж байна. Дэлхийн 204 улсын 3600 гаруй өсвөрийн тамирчид спортын 28 төрөлд 222 багц медалийн төлөө өрсөлдлөө. Наадмын сүүлчийн өдөр сагсанбөмбөг, хөлбөмбөг, хоккей, гимнастик, чөлөөт бөх, бокс зэрэг найман төрөлд 22 багц медалийн эзэд тодорсноор дэлхийн залуучуудын II наадам өндөрлөх юм.
”Нанжин-2014” дэлхийн залуучуудын II наадамд манай улсаас хөвгүүдээс жүдогийн Ц.Цогтбаатар, охидоос чөлөөт бөхийн Б.Дөлгөөн, жүдогийн Ц.Хулан, хийн урт бууны Н.Ангирмаа, хүндийг өргөлтийн М.Анхцэцэг нарын таван тамирчин оролцлоо. Мөн ширээний теннисний тэмцээний шүүгчээр Э.Мөнхбилэг ажиллалаа. Энэхүү наадамд манай тамирчдаас Б.Дөлгөөн мөнгөн медаль хүртэж, М.Анхцэцэг IV байрт, Ц.Хулан VII, Н.Ангирмаа VIII байрт шалгарав. Хэдийгээр таван тамирчин оролцсон ч нэг мөнгөн медаль хүртэж, шагналт байранд гурван тамирчин шалгарлаа.
Манай хүндийг өргөлтийн М.Анхцэцэг, жүдогийн Ц.Хулан нарт медаль авах бүрэн боломж байсан. Ялангуяа хүндийг өргөлтийн тамирчин М.Анхцэцэгийн хувьд хүрэл медалийн оосроос атгаад алдсан. Тэрээр тактикийн алдаанаас болж, дөрөвдүгээр байрт шалгарсан юм. Чөлөөт бөхийн охидын 46 кг-ийн жинд барилдсан спортын мастер Б.Дөлгөөн Болгар, Алжир, Венесуэл улсын бөхчүүдийг ялж, БНАСАУ-ын бөх Ким Сонянд ялагдан мөнгөн медаль хүртлээ.
Түүний багш Д.Мөнхбаяр залуучуудын хоёр наадам дараалан медальтан төрүүлсэн багшаар тодорч байнаМонголын баг нэг мөнгөн медаль хүртсэн амжилтаар өнөөдрийн байдлаар 71-р байрт бичигдэж байна. 86 орон ямар нэгэн медаль хүртээд байгаагаас тэмцээнийг зохион байгуулагч БНХАУ 35 алт, 10 мөнгө, 13 хүрэл, нийт 57 медаль хүртсэн амжилтаар тэргүүлж байгаа бол ОХУ (22+18+11), АНУ (8+2+6), Украин (6+8+8), Итали (6+8+6), Унгар (6+6+11) улсын баг удаалж байна. Азийн орнуудаас Япон (5+8+5) VIII, Өмнөд Солонгос (4+5+5) XII, Тайвань (3+3+2) XV, Тайланд (3+2+3) XVII, Хойд Солонгос (3+2+0) XVIII байрт бичигдэж байна.
Дашрамд сонирхуулахад, Гватемала улсын нийслэл Гватемала хотод 2007 оны VII сард чуулсан ОУОХ(LOC)-ны ээлжит 119 дүгээр чуулганаар ОУОХ-ны ерөнхийлөгч асан, Жак Роггегийн санал санаачлагыг чуулганы гишүүд хэлэлцэн дэмжсэнээр залуучуудын анхдугаар олимпийн наадам зохион байгуулах болсон билээ. Залуучуудын зуны анхдугаар наадам 2010 оны наймдугаар сарын 14-26-нд Сингапур улсад зохиогдсон түүхтэй. Тэрхүү наадамд 205 орны 3517 тамирчин спортын 25 төрөлд өрсөлдсөн юм.
Тус наадамд манай улсаас спортын долоон төрөлд 11 тамирчин хурд хүчээ сорьсноос Б.Батцэцэг (эмэгтэй, чөлөөт бөх), Г.Эрдэнэболд (спортын гимнастик) нар алтан медаль, жүдочин О.Дөлгөөн (багийн төрөл) хүрэл медаль хүртэж, Монгол Улсын баг, тамирчид багийн дүнгээр 32 дугаар байр эзэлж байжээ.
Б.ДӨЛГӨӨН: ТАКТИКИЙН АЛДАА ГАРГАСНААР ТҮРҮҮЛЭХ БОЛОМЖОО АЛДЛАА
-Аваргын төлөө өрсөлдөгчөө ялах боломж байв уу?
“Наньжин-25014” наадмын аваргын алтан медалийн төлөө БНАСАУ-ын бөх Сон Гуангтай барилдсан. Тэр охин энэ хавар Тайландын Бангкок хотноо зохиогдсон чөлөөт бөхийн тивийн аваргад түрүүлсэн сайн тамирчин байсан.Эхлээд би сандарч тэвдсэний улмаас найман оноо алдчихсан юм.Тэгээд нөхөж дөрвөн оноо авч,нуман тулгуурт оруулсан.Тэрийг л гүйцээж хийж чадсангүй шүүгч бид хоёрын барилдааныг зогсоосон. Давшиж барилдаж нэг оноо авч, нэг оноо алдаж,цаг өндөрлөсөнөөр би ялагдал хүлээж,наадмын мөнгөн медалийн болзол хангалаа.
-Бэлтгэл сургуулилтын үр дүн гарсан гэж ойлгож болох уу?
-Д.Мөнхбаяр багшийн удирдлага дор тавдугаар сараас хойш тасралтгүй бэлтгэл сургуулилтаа хангасны үр дүн гарлаа. Миний багш тань залуучуудын олимпийн надмаас хоёр дахь медальтнаа төрүүлж, туршлагатай, шилдэг дасгалжуулагч гэдгээ нотоллоо.
-Та эх орондоо ирээд шууд хичээл сургуульдаа орох уу?
- Хичээлдээ шууд орно Би чинь Налайх дүүрэгт 1997 онд төрсөн, Налайх дүүргийн “Эрдмийн оргил” цогцолбор сургуулийн 11 дүгээр ангид суралцдаг.
-Таны бэлтгэл сургуулилтад тусалсан цөөнгүй байгууллага, хувь хүмүүс байсан нь ойлгомжтой?
-Юуны өмнө Д.Мөнхбаяр багш бид хоёрт залуучуудын олимпийн наадамд оролцох аз тохиосонд баяртай байна. Бидэнд бэлтгэл сургуулилт хийх боломж, нөхцлөөр хангасан ССАЖЯ, Спортын бэлтгэлийн төв, МҮОХ, С.Батжаргал захиралтай “Цээпил” компани, Ё.Ганхуяг захиралтай “Болор” амралтын газар, Налайх дүүргийн ЗДТГ, А.Цэдэнсодном даргатай дүүргийн БТСын газар болон найз нөхөд, биднийг өсгөн хүмүүжүүлэхэд тасралтгүй зүтгэж яваа буянтай ээж Болормаадаа туйлын ихээр баярлан талархсанаа илэрхийлж байна..
-“Наньжин-2014” залуучуудын наадмын үеэр зохиогдсон соёлын хөтөлбөр хүн бүхэнд гүн таашаал үлдээсэн талаар?
БНХАУ бол эртний соёлтой, агуу орон гэдгийг наадмын өдрүүдэд улам их мэдэрлээ. “Наньжин-2014” наадмын үеэр бидэнд соёлын цогцолбор арга хэмжээнд оролцох сайхан боломж тохиолоо.Монголын төлөөлөгчид хэдийгээр цөөхөн хүнтэй ч,соёлын арга хэмжээнд идэвхтэй оролцож байлаа. Цаашдаа амжилтаа ахиулж,чөлөөт бөхийн ДАШТ,олимпийн наадмаас медаль хүртэх зорилго өвөрлөн эх орондоо буцаж байна.Би өнгөрсөн тав дугаар сард Тайландын нийслэл Бангкок хотноо зохиогдсон чөлөөт бөхийн өсвөр үеийн Ази тивийн АШТ-ий охидын 46 кг-ийн жинд хүрэл медаль хүртсэн амжилтаар энэ удаагийн наадамд оролцох эрхтэй болсон юм. Тэрхүү тэмцээнээс С.Энхтунгалаг хүрэл, Э.Сумьяабазар мөнгө медаль хүртсэн ч эрх олгоогүй нь харамсалтай байсан шүү.
Эх сурвалж: WWW.MONGOLNEWS.MN
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...