Дөрвөн жил эрэн сурвалжилсан залилагчийг цагдаагийнхан саатууллаа
- schedule 2014 оны 8 сарын 28
- chat_bubble 0
2010 оноос хойш улсын хэмжээнд эрэн сурвалжилсан залилан мэхлэгчийг ЦЕГ-ын Дэмжлэг үзүүлэх мэргэжлийн газрын алба хаагчид саяхан олж саатуулжээ. Э.Ариунсанаа гэх сэжигтэн эр 2008 онд Д.Болд, Н.Энхсайхан нартай хамтран “Эрдэнэт” үйлдвэрээс зэсийн баяжмал нийлүүлнэ хэмээн япончуудаас хоёр сая ам.доллар залилсан аж.
Энэ хэрэгтээ УМБГ-ын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгуулж байсан бөгөөд хууль хяналтын байгууллагад байдаг танил талаараа дамжуулан хэргийн шалгалтын ажиллагаанд нөлөөлж байсан гэх. Улмаар 2010 оны долдугаар сард мөрдөн байцаалтаас оргосон байна. Ингэж явахдаа иргэн “Төмрийн хүдэр зарна” хэмээн иргэн Б-ын 300 мянган ам.долларыг нь залилсан аж. Түүнийг бүтэн дөрвөн жил ингэж оргон зугтахад нь хуулийн байгууллагынхан хаацайлж байсан ч байж болзошгүй гэнэ.
Удаан хугацааны турш эрэн сурвалжлагдаж, олдохгүй байсан сэжигтэн Э.Ариунсанааг олж саатуулан шийдэгдэлгүй удаашраад байсан хэрэгт ахиц гаргаж буй ЦЕГ-ын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын Дэмжлэг үзүүлэх мэргэжлийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал даргатай хамт олонд хохирогчдын зүгээс талархаж, цаашдынх нь ажил үйлсэд өндөр амжилт хүсэж буйгаа биднээр дамжуулан илэрхийллээ.
Эх сурвалж: WWWMONGOLNEWS.MN
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...