Жил ирэх тусам хүүхдийн эндэлт яагаад өсөөд байна вэ?
- schedule 2014 оны 8 сарын 20
- chat_bubble 0
Их зохиолч Д.Нацагдоржийн “Монголын үрс маш олон болтугай” гэсэн ерөөл биелж байна хэмээн бид баярлаж суулаа, өнөөдрийг болтол. Төрөх эмнэлгүүд ачааллаа дийлэхээ байж, төрөх эмнэлгүүдийг өөрсдийг нь “төрүүлэхгүй” бол эхчүүд гадаа эсвэл гэртээ амаржих болох нь хэмээн халаглаж ч байв. Амаржих газрууд ийн ачааллаа дийлэхээ байсан нь төрөлт нэмэгдэж, монголчууд олуулаа болж байгааг илтгэсэн бас нэг үзүүлэлт юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн “Монголчууд аа, улам олуулаа болцгооё” гэсэн уриалгыг алга ташин хүлээж авсан эрхмүүдийн нэг хэсэг нь эрүүл мэнд, мэргэжлийн хяналтын салбарынхан байлтай. Эсвэл тэд анхнаасаа дэмжээгүй юм болов уу, замын дундаас буцаж байгаа нь энэ юм болов уу. Ямартай ч хүүхдийн эндэгдлийг харуулсан тоо баримт өмнөхөөсөө огцом нэмэгдэж эхэллээ. Үндэсний статистикийн хорооноос гаргасан энэ оны эхний долоон сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтээс эрүүл мэндтэй холбоотойг нь сугалаад харъя.
Улсын хэмжээнд өнгөрсөн долоон сард 47279 эх амаржиж, 47587 шинэ иргэн төрүүлжээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс амаржсан эхийн тоо 1464 буюу 3.2 хувиар, хүүхдийн тоо 1544 буюу 3.4 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Зөвхөн долдугаар сард гэхэд 7170 хүүхэд амьд төрсөн нь ноднингийнхоос 64 хүүхдээр олон гэсэн үг. Ийм таатай мэдээг сүүлийн лав л арав гаруй жил сонсож байна. Энэ удаад ч сайн мэдээ саарсангүй. Харин одоо муу мэдээ залгах нь. Он гарснаас хойших долоон сарын хугацаанд 728 нярай энджээ.
Энэ бол өмнөх оны мөн үед бурханд буцааж өгсөн хүүхдийн тооноос 66-аар (10 хувиар) олон байгаа юм. Үндэсний статистикийн хорооны энэ мэдээллийг үзээд, бурхны бэлгийг ингэж буцаагаад байвал бид яаж олуулаа болох юм бэ гэсэн харуусал өөрийн эрхгүй төрөв. Ганцхан жилийн дотор нялхсын эндэгдлийг нэг биш, бүхэл бүтэн 10 хувиар нэмэгдүүлсэн Эрүүл мэндийн яам, тэдний ажлыг хянаж, алдаа дутагдлыг нь илрүүлэн засаж сайжруулах ёстой Мэргэжлийн хяналтын ерөнхий газрынхан ажилдаа эзэн болохгүй байгааг энэ баримт харуулна. 1990 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)- аас Мянганы хөгжлийн зорилт дэвшүүлж, 0-5 настай хүүхдийн эндэгдлийг 1000 амьд төрөлтөд 30 хүртэлх хувиар бууруулах зорилт тавьсан. Монгол Улс энэ зорилтыг хэрэгжүүлэх үүрэгтэй.
Тиймээс ч 2015 он гэхэд тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг 1000 амьд төрөлтөд 21 болгож цөөлнө гэсэн том зорилттой. Товлосон хугацаа болоход үндсэндээ дөрөвхөн сар үлдлээ. Гэтэл бид өнгөрсөн долоон сард тав хүртэлх насны 884 хүүхдийг бурхны орон руу буцааж, эндэгдлийг өмнөхөөсөө 72 хүүхэд буюу 8.9 хувиар нэмчихээд сууж байна. Юун Мянганы хөгжлийн зорилт. Ганцхан сард эндсэн хүүхдийн тоог долдугаар сарынхаар аваад үзэхэд 96 нярай (өмнөх оны мөн үеийнхээс 11 хүүхдээр олон), тав хүртэлх насны 124 хүүхдийг (өмнөх оны мөн үеийнхээс 22-оор нэмэгдсэн) иргэнийхээ тооноос хасчихжээ. Үүнээс болоод 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын болон тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл нэмэгдлээ.
Уг нь гурван жилийн өмнө манай улсын тав хүртэлх насны 1000 хүүхэд тутмын 30 нь эндсэн бол дараа жил нь 18.7 болгож цөөлсөн. Энэ амжилтаа өнгөрсөн онд ахиулж, 14-т хүргэсэн юм. Харин одоо буцаад ухарчихлаа, гурваар нэмээд 17 болгочихлоо. Энэ хорвоод таван жил амьдарч чадалгүй эндэж буй жаалуудын 55-60 хувь нь нярай. Тэр бяцхан “амьтдын” 87-88 хувь нь эхний долоо хоногтойдоо эндэж байна. Шалтгаан нь юу вэ гэхээр эхийн хэвлийд байхдаа эмгэгтэй болсонтой холбоотой гэж эмч нар тайлбарлаж байгаа юм.
Эхийнх нь эрүүл мэндээс хүүхдийнх нь амь нас шалтгаалж байна гэсэн үг. Мөлхдөг, явдаг болоод ирэх үедээ хүүхдүүд зам тээврийн болон ахуйн ослоор хорвоог орхиж байгаа нь анхаарал татав. Эцэг, эхчүүд анхаарлаа сулруулснаас болж, нас барах ёсгүй хүүхэд амиа алдаж байгаа хэрэг. Багачуудын эндэгдлийн шалтгааныг холбогдох албаныхан мэдэж байна. Энэ сайн хэрэг. Тэгсэн хэрнээ яагаад бууруулахгүй багасгахгүй байна вэ. Хүүхэд бүрийг эсэн мэнд бойжуулж байж л бид олуулаа болох биш үү.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...