Шинэ машин, мотоцикль, станцтай цагдаагийн хэлтэс
- schedule 2014 оны 8 сарын 20
- chat_bubble 0
Баянгол дүүргийн ИТХ, ЗДТГ цагдаагийн алба хаагчдын ажиллах нөхцөл боломжийг сайжруулж, гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх, иргэдийн амгалан, тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр Цагдаагийн хоёр хэлтэстээ хоёр машин, есөн мотоцикль, богино долгионы 40 гар станц, суурин хоёр станц өчигдөр хүлээлгэн өглөө.
Энэ техник, хэрэгслийг Худалдан авах ажиллагааны журмын дагуу авахад дүүргийн төсвөөс 100 орчим сая төгрөг гаргажээ. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор тус дүүрэг зургаан хорооныхоо нийтийн эзэмшлийн талбайг өнгөрсөн жил бүрэн камержуулж, цагдаагийн байгууллагын хяналтад оруулсан байна. Эдгээр хорооны орон сууцнуудын орцны хаалгыг нууц дугаараар онгойдог болгожээ. Баянгол дүүрэг энэ онд гэр хорооллоо 100 хувь гэрэлтэй болгохын тулд 963 гэрэлтүүлэг хийхээр төлөвлөөд байгаа аж.
“Цагдаагийн хэлтсүүд дүүргийн нутаг дэвсгэрт гарч буй гэмт хэргийг бууруулах чиглэлээр идэвхтэй ажиллаж байгаа тул дэмжиж байгаа. Худалдаа үйлчилгээний төв, цэнгээний газар манай дүүрэгт олон байдаг тул гэмт хэрэг гарах нь цөөнгүй. Үүнийг бууруулах чиглэлээр цаг хэтрүүлэн ажиллаж, холбогдох дүрэм журмаа зөрчдөг үйлчилгээний газрын тусгай зөвшөөрлийг цуцлах, асуудлыг хамтарч шийдэх зэргээр цагдаагийнхан сайн ажиллаж байгаа.
Техник хэрэгслийн хүрэлцээ муу энэ үед нь машин, мотоцикль өгснөөр цагдаагийн алба хаагчид гэр хороололд оройн цагаар эргүүл хийх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд нь томоохон дэмжлэг болно. Хөрөнгийг нь гаргаж чаддаг бол дахиад техник, хэрэгслээр хангах шаардлагатай. Гэмт хэрэгтэй тэмцэнэ гэдэг хүнд хүчир ажил. Энэ ажлыг үр дүнтэй болгохын тулд орчин үеийн техник хэрэгслээр бүрэн хангах нь чухал” гэж Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо хэллээ.
Ч.МӨНХ
Эх сурвалж: WWW.MONGOLNEWS.MN
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...