Нэг сая төгрөгтэй болохын тулд өрх толгойлсон, хоёр хүүхдийн эхийг хөнөөжээ
- schedule 2014 оны 8 сарын 19
- chat_bubble 0
Амар, хялбар аргаар мөнгө олох гэсэн залуус хэдхэн төгрөгний төлөө хүний амь бүрэлгэхээс буцахаа больжээ. “Хүний хөгжил” сангийн 21 мянган төгрөгийг нь дээрэмдэхийн тулд хүний амь хөнөөсөн хэрэг гарч байсан. Тэгвэл өчигдөр шөнө буюу энэ сарын 18-ны 00.00-01.00 цагийн хооронд Төв аймгийн Зуунмод сумаас хойш таван км-т “Өндөр дов” гэх газарт байдаг “Шунхлай” шатахуун түгээх станцын түгээгч эмэгтэй Ц-г хөнөөн, орлогынх нь мөнгийг авч зугтсан хэрэг гарлаа.
Бидэнд олдсон мэдээллээр тус станц энэ сарын 17-ны үдэш ойролцоогоор нэг сая төгрөгийн орлоготой байсан бололтой. Нэг сая төгрөгтэй болохын тулд өрх толгойлсон, хоёр хүүхдийн эхийг хөнөөсөн харгис алуурчид бидний дунд алхаж явна. Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт дахь “Цагаан далай” ШТС-ын эздэд халдаж, эхнэрийг нь буудаж хөнөөн зугтсан хэрэг 2011 оны арваннэгдүгээр сард гарч, одоо болтол илрээгүй, орлогын гурван сая төгрөг тоносон этгээд ч хөрстийн тоос хөдөлгөн бидний дунд явж буй. Бид энэ сарын 17-18-нд шилжих шөнө гарсан хэргийн мөрөөр газар дээрээс нь сурвалжиллаа.
Нийслэлээс 40 км зайд орших, олны нэрлэж заншсанаар Дундговь аймаг руу явах зам салдаг уулзварт орших “Шунхлай” ШТС-ын орчимд хөл хөдөлгөөн ихтэй, цагдаагийнхан хэргийн газрын үзлэг хийж, мөрч нохойгоор гэмт этгээдийн мөрийг үнэрлүүлэн, мөрдөж байлаа. Нохой ШТС-аас гараад баруун талд нь байх Хустайн зуслангийн нэгэн айлын хашаа руу орж, улмаар тэндээсээ хойд зүг рүү шиншлэн явсан нь гэмт этгээд унаа тэргээ хол орхиод гэмт үйлдлээ явганаар ирж хийсэн байх магадлалтай байв.
Хэргийн газарт Төв аймгийн Цагдаагийн газар болон Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажилтнууд ирж үзлэг хийж байсан бөгөөд “Одоогоор ямар нэг мэдээлэл өгөх боломжгүй, шалгалт үргэлжилж буйг та нар харж байгаа биз дээ” гэсэн юм. Тэнд цагдаагийнхнаас гадна хохирогчийн ар гэрийнхэн, “Шунхлай” компанийн нэгэн хэлтсийн дарга Болормаа гэх эмэгтэй ирсэн байлаа. Түүнтэй ар гэрийнхэн нь уулзаж байсан бөгөөд “Яагаад хэвлэл мэдээллийнхнийг явуулж байгаа юм бэ, танайх дэргэдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй түүнийгээ авчрахгүй яасан юм бэ” гэх зэрэг маргаан өрнөж байв.
Ар гэрийнхэнтэй нь уулзахад “Манай эгч энэ ШТС-д түгээгчээр ороод дөрвөн жил болж байсан. Энэ хугацаанд нэг ч удаа ээлжийн амралт авч үзээгүй. Бие нь өвдөж байсан ч ажиллаж байдаг хүн. Энэ жил анх удаа ээлжийн амралт авч айраг, цагаан дээр гарч, төрөлх Баян сумынхаа ойд оролцож байхад нь ажлаас нь дуудсаар байгаад хугацаанаас нь өмнө ажилд нь оруулсан. Энэ ШТС-д даргатайгаа нийлээд ердөө гуравхан хүн ажилладаг. Уг нь таван хүн ажиллах ёстой юм билээ.
Хэрэг гарсан талаар манай том эгчид 06.00 цагийн үед цагдаагийнхан утсаар мэдэгдсэн юм билээ. Тэгээд бид энд ирээд байна. Бид хотоос Төв аймаг руу ирэхдээ байнга л энэ ШТС-аар нь дайрч гардаг. Нэг удаа эгч маань “Энэ камер нь ажилладаг юм болов уу даа. Та нарын ирээд явсан бичлэг байхгүй байна” гэж хэлж байсан. Магадгүй ажилладаггүй, зүйл тавьчихаад “Улаанбаатар дахь төв байрнаасаа түгээгч нараа харж байна” гэж худлаа ярьдаг байхыг ч үгүйсгэхгүй. Эмэгтэй хүн хөдөө хээр байдаг ШТС-д ганцаараа их мөнгөтэй харицаж байхад ажилладаггүй шахам камер суурилуулж өгснөөс хамгаалагчтай байх хэрэгтэй байсан юм” гэж байлаа.
Талийгаач Ц-гийн цогцост хийсэн үзлэгээр цээжин тус газар нь хоёр удаа хутгалж амийг нь хохироон ажлынх нь байранд орхиод явжээ. Хохирогч 1975 онд төрсөн, есөн хүүхэдтэй айлын зургаа дахь нь гэнэ. Төв аймгийн харьяат, хоёрдугаар курсийн оюутан охин, есдүгээр ангийн сурагч хүү, 80 гарсан ээжийнхээ хамт Зуунмод суманд амьдардаг байжээ. Өндөр настай ээж нь “Хүн хүчгүй, харуул хамгаалалт байдаггүй юм бол хүүгээ дагуулаад явж бай гэж нэг удаа хэлж байж.
Харин эгч, дүү нар нь “Удирдлагадаа хотын аль нэг салбарт нь ажиллах хүсэлт гарга” гэж байсан гэнэ. Харин тэрбээр “Хүний орон тоо нь шийдэгдвэл Улаанбаатар руу явна. Бүр болохгүй бол ажлаасаа гарах өргөдлөө өгнө” гэж хариулж байсан аж. Хэргийн газрын үзлэгээр гэмт этгээд “Шунхлай” ШТС-ын хэрэг гарсан салбарын компьютерийг аван гарч, тус станцаас 50 гаруй метрт байгаа айлын зуслангийн байшингийн цонхоор ороод хард дискийг нь эвдсэн байсан гэнэ. Тухайн байшин хэрэг гарах үед эзгүй байжээ.
Бид тэндээсээ Төв аймгийн хууль хяналтын байгууллагаар очиход “Хэргийг дөнгөж шалгаж эхэлж буй болохоор ямар нэгэн зүйл хэлэх боломжгүй. Орлогын хэчнээн төгрөгийг нь дээрэмдсэнийг тогтоохоор ажиллаж байна. Ойролцоогоос нэг сая гаруй төгрөг байсан болов уу гэж урьдчилсан байдлаар дүгнэж буй гэсэн. ШТС-ын түгээгчийн амь үрэгдсэн талаар тус станцаас шатахуун авахаар очсон хүн цагдаад мэдэгдсэн” гэлээ. Цагдаагийн байгууллагынхан олж авсан эд мөрийн баримтынхаа дагуу гэмт этгээдийг орон даяар эрэн сурвалжилж буй бөгөөд дугаар шилжих мөчид гэмт этгээдийг олж тогтоогоогүй гэж ЗБГХТГ-ын эх сурвалж мэдээллээ.
Эх сурвалж: WWW.MONGOLNEWS.MN
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...