БНМАУ-ын эрэлхэг зоригт тагнуулчид
- schedule 2014 оны 8 сарын 19
- chat_bubble 0
Тагнуулын байгууллагын түүхэнд хилийн чанадад тусгай үүрэг гүйцэтгэж, тодоор бичигдэн үлдсэн олон арван эгэл ардуудын нэг нь Дорноговь аймгийн Хатанбулаг сумын ард Жамсрангийн Гончиг билээ.
Хилийн чанадад тусгай үүрэг гүйцэтгэж явсан олон арван эгэл баатруудаас энэ хүнийг онцлохын учир нь ач гучаа тойруулан насны буянаа эдлэх жар гаруй насандаа хөдөө хөхөрч, гадаа гандаж нэгэн биеийн ядралыг умартан эх орны даалгасан үүргийг биелүүлж яваад баригдан, хүнд эрүү шүүлт, байцаалтад нууцаа задлалгүй амь насаа эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө өргөсөн түүхэн гавъяатай хүн юм.
Жамсрангийн Гончиг нь 1881 онд Өвөр Монголын Улаанцавын чуулганы Дунд гүний хошууны нутагт төржээ. 1906 оноос Говь мэргэн вангийн хошуунд суурьшин амьдрах болж, Ардын хувьсгалын дараагаар багийн дарга, сум орны төлөөлөгч зэрэг ажил хийж байгаад мал маллах болжээ.
Түүнийг 1939 онд Дотоод Явдлын Яамны Дорноговь аймаг дахь Сулинхээрийн цэргийн ангийн төлөөлөгч Ж элсүүлэн, лам нар болон ард иргэдийн улс төрийн зан байдал, санал сэтгэл, яриа өгүүллийн талаар судлах чиглэлд ажиллуулж байгаад 1941 оноос тагнуулын ажил эрхлэх хязгаарын 5 дугаар хэлтэст нууцаар шилжүүлжээ.
Тэрээр 1944 он хүртэл Өвөр Монголын Улаанцавын чуулганы Дунд гүний хошууны чиглэлд 10 гаруй удаа явж, японы цэргийн байрлал, цэрэг зэвсгийг судлан мэдэх, монгол үндэстнээ гэх сэтгэл эрмэлзлэлтэй хүмүүсийг олж, холбоо тогтоож, тэдний туслалцааг авах, улмаар хилийн чанадад ажиллаж буй ажилтныг төвтэй холбох зэргээр үүргээ амжилттай биелүүлж байжээ.
Түүний үүрэг гүйцэтгэж байсан зарим үйл ажиллагаанаас дурьдвал: 1942 оны 6 дугаар сард 4 дүгээр заставын хэсгээр улсын хилийг нэвтэрч, элдэв сорилтыг давж, Улаанцавын чуулганы Дунд гүний хошууны нутгаар төрөл саднаа сураглаж, уулзах гэж яваа халхавчаар нутгийн хүмүүстэй уулзаж, санал сэтгэгдлийг судлах, газар орны байдал, тус хошууны нутагт буй японы цэрэг, хилийн харуулын талаар үнэтэй мэдээлэл цуглуулж иржээ.
Түүний худаг ус, цэргийн анги, салбарын байршлыг тодорхойлсон гар зураг.
Мөн 1942 оны 10 дугаар сард тагнуулын ажлаар явсан мэдээндээ: “Халхын оргож ирсэн айлуудыг ноднин жил зүүн тийш нүүлгэж, Дархан бээлийн зүүн зах хавьд тусгай нэгэн хошуу байгуулж, Очирдарь хувилгаан ба Дилав гэгээнээр толгойлуулж байгуулсан ба эл хоёр нь тусгай цэрэгтэй юм байна. Одоо тэд энд байхгүй гэнэ.” гэснээс үзэхэд халхаас дүрвэн гарсан иргэд болон Дилав хутагт В.Жамсранжавын үйл ажиллагааг тодруулах даалгавартай явсан бололтой.
1943 онд хилийн чанадад хэд хэдэн удаа тусгай үүрэгтэй гүйцэтгэхдээ харъяалсан анги, салбарын анхаарлыг татаж байсан асуудал болон төвийн удирдлагыг мэдээллээр хангах үүднээс Өвөр Монголын Улаанцавын чуулганы Дунд гүний хошууны чиглэлд ажиллаж, тус чиглэлд ажиллаж буй суурин нууцтай холбоо барьж, мэдээ дамжуулах, мөн тус хошууны засаг захиргааны зохион байгуулалт, удирдлага, эдийн засгийн нөхцөл байдал, ард олны санал сэтгэгдэл, хошууны нутагт буй японы цэргийн анги, салбарын тухай мэдээлэл цуглуулах үүргийг гүйцэтгэж байжээ.
Ж.Гончигийн гадаадад үүрэг гүйцэтгэсэн маршрутын схем. 1943 оны 3 дугаар сар
1944 оны эхний хагаст хилийн чанадад хэд хэдэн удаа үүрэг гүйцэтгэхдээ суурин нууцтай холбоо барих, Дунд гүний хошууны суурьшил бүхий газруудаар гарч байгаа цэрэг, тагнуулын өөрчлөлт ба мөн хошууны нөхцөл байдлыг судлах зэргээр ажиллаж байжээ.
Баримтаас үзэхэд Ж.Гончиг 1944 оны 6 дугаар сарын 10-нд хилийн чанадад ажиллаж байсан суурин нууцтай холбоо барихаар яваад 1944 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Баянбор дахь япон цэргийн ангид баригдан улмаар Батхаалга дахь японы тагнуулын газар хүргэгдэн очиж, хүнд эрүү шүүлт, байцаалт үзсэн боловч нууцаа задлахгүйн тулд амиа хорлож нас барсан байна.
1970 онд түүний гэр бүлээс гүйцэтгэж байсан ажил, үйл хэргийг нь тодруулах хүсэлтийг НАХЯ-нд ирүүлсэн бөгөөд уг өргөдөлд: “1940-өөд оны үед улс орондоо ямар нэг чухал ажил үүргийг гүйцэтгэдэг болоод ч тэр юмуу олон хоногоор гэртээ байхгүй нь их болсон. 1944 оны зун өртөө хийхээр хэдэн морьдоо аваад явсан юм. Гэтэл өртөө хийх сарын хугацаа дуусахад өвгөн маань гэртээ буцаж ирсэнгүй. Хамт явсан хүмүүс нь хэдэн морьдыг нь хүргэж ирэхэд өвгөнөө сураглавал “Өртөөнд очоод хэд хоноод гэртээ хариад ирнэ гээд явсан. Ирээгүй юмуу” гэж өөдөөс асуусан. Тэгээд хань маань орон гэр, үр хүүхдэдээ эргэж ирээгүй юм” гэснээс тусгай үүрэг гүйцэтгэхийн хүнд хэцүүг эрхэм уншигч та ойлгох бизээ.
Хүний нутагт мэргэжсэн тусгай албаны хараа хяналтын дор жирийн нэгэн малчин хэдэн арван хоногоор тэдэнтэй далд тулаанд гарч ажиллах нь ур ухаан, самбаа зориг, тэсвэр хатуужлын дээд шалгуур нь болж байв. Тэдгээр далд тулааны дайчид эх орон, ард түмнээ гэсэн итгэл, сэтгэлээр гэр бүл, өөрийн амь биеэ умартан түмэн бэрхшээлийг давж хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн нь тагнуулын байгууллагын түүхэнд мөнхрөн үлдсэн юм.
Тэдний олж ирсэн үнэт мэдээлэл нь Монгол Улсын аюулгүй байдал, тусгаар тогтнолыг бэхжүүлэн бататгах, хойч үеийнхний амар амгалан амьдралын баталгааг хангахад үнэлж баршгүй хувь нэмэр оруулсныг түүх гэрчилдэг юм.
Үйлс нь түүх болон үлдсэн далд тулааны дайчдын гүйцэтгэж байсан үүрэг, үйл ажиллагааны нэгээхэн хэсгээс өгүүлэхийн учир нь улс орныхоо аюулгүй байдлын манаанд эх орон ард түмнийхээ тусын тулд хийж байгаа юм шүү гэсэн итгэл, үнэмшлээр зүтгэж явсан нь мөнхрөн үлдэх гавъяатай гэдгийг сануулахыг зорилоо.
Судлаач Б.Эрдэнэбилэг
Монголын тагнуулч Намдагийн Малайхүү
Японы цэргийн хүчин 1931 оноос Зүүн хойд Хятад, Дотоод Монголыг эзэлснээр Монгол Улсын хилийн дагуу, Замын-Үүдээс гурван улсын хилийн уулзвар Тарваган дахын овоо хүртэл 1000 орчим км газраар Японтой зах нийлэх болов. Мөн БНМАУ-ын хилээс 50 км-т орших Шилийн гол аймгийн Авга Да вангийн хошууны Дай ламын сүмд Японы тагнуулын салбар байрлан үйл ажиллагаагаа явуулж байв.
Улсын хилийг санаатай зөрчин, өдөөн хатгах ажиллагаа жилээс жилд нэмэгдэж, 1942-1945 онд улсын дорнод, зүүн өмнөд хил дээр гарсан 500 орчим хилийн зөрчил, өдөөн хатгалгыг 1940 оныхтой харьцуулбал 41 хувь, оролцогсдын тоо 2,2 дахин нэмэгджээ. Тэдгээрийн олонх нь тагнуулын даалгавартай байжээ. Японы тагнуулчид ганц нэгээр болон хэсэг бүлгээр, зарим үед чонын арьс нөмрөн хил нэвтрэх, тагнан туршихын зэрэгцээ, хилийн манааг хилийн цаанаас буудан хороох явдал ч гарч байжээ.
Япон улсын зүгээс авч байсан энэхүү бодлогын эсрэг Дотоод Явдлын Яамнаас /ДЯЯ/ нэн түрүүнд авах арга хэмжээ бол Японы тагнуулын үйл ажиллагааг мэдэх, түүнийг саармагжуулах, хилийн чанад дахь нөхцөл байдлыг цаг тухайд нь мэдэх явдал байв. Энэ үүргийг гүйцэтгэхэд ДЯЯ-ны тагнуулчид ихээхэн хувь нэмэр оруулсан байдаг. Тэдгээр тагнуулчдын нэг нь Дотоод Монгол дахь Японы тагнуулын салбарт суурин нууцаар 1943-1945 онд ажиллаж байсан Намдагийн Малайхүү юм.
ДЯЯ-ны Дорноговь аймаг дахь хэлтсээс 1941 онд “Заншир” хэмээх нууцыг хил нэвтрүүлэн Японы тагнуулын үйл ажиллагаа хийгээд Дотоод Монголын улс төр, эдийн засаг, цэрэг зэвсгийн тухай нөхцөл байдлын мэдээ олуулахаар явуулсан байна. Гэвч “Заншир” нь хилийн чанадад гарснаас хойш сураггүй алга болсон төдийгүй Японы тагнуулд уравсан тухай мэдээ авагдах болжээ. Ийнхүү ДЯЯ-ны Дорноговь аймаг дахь хэлтсээс Модонгийн сүмд буй Японы тагнуулын салбарын үйл ажиллагааг мэдэх, “Заншир”-ын уравсан эсэхийг шалгах, уравсан бол баривчлах төдийгүй хилийн чанадад суурин нууц бий болгох зорилгоор тусгай арга хэмжээг зохион байгуулах шаардлагатай болжээ.
Гэвч Дотоод Монголд Япончууд Монгол улс, Зөвлөлтийн тагнуулчдыг илрүүлэх гэж оргодол-цагаач, урвагчдын дунд зохиох эсэргүүцэн тагнах ажлыг хүчтэй болгож, Дотоод Монголд очсон халхын оргодол, дүрвэгсдийг Шилийн голын чуулганы баруун Сөнөд хошууны нутагт цуглуулан “Дилав”-ын буюу “Шинэ хошуу”-г байгуулан Завсар, Бандид гэгээний хийд дэх тагнуулын салбарын хяналтад өгчээ. Ингэснээр энэ хошуу, сумдын оргодол, дүрвэгсдийг шалгаж, японы тагнуулын хүч сэлбэх нөөц болгож байсны дээр баривчлагдсан Монголын тагнуулчдыг таниулах, мэдүүлгийг шалгахад тэднийг ашиглаж байв.
Энэ мэт хараа хяналт чанга үед хилийн чанадад ажиллаж чадахуйц чадвартай нууц зайлшгүй шаардлагатай болжээ. Уг шаардлагад Дорноговь аймгийн Өргөнцэцэрлэг сумын харъяат, 1932, 1933 онд мөн аймгийн Сайхандулаан сумын Чадарын Цэдэв хэмээгчтэй улсын хилийг хоёр удаа нэвтрэн Дөрвөдийн хошууны Гаанжуур хэмээх сүм хүртэл явж ирэхдээ хил дээр баригдаж, 1000 гаруй төгрөгөөр торгуулсан ба хоёр дахь явалтаараа гэртээ ирэн баригдаж, аймгийн шүүх таслах газар 6 сар хоригдох ял эдэлж, өршөөлөөр суллагдсан, Дотоод Монголын газар орныг сайн мэдэх Намдагийн Малайхүү нийцэж байв. Түүний хамт мөн аймгийн Дашгайн Бүлтгэрийг Дотоод Монголын Шилийн голын чуулганы Баруун Сөнөдийн хошууны Халхын дэнж хэмээх газар нутаглан суугаа төрөл садантайгаа уулзах гэж явна хэмээх халхавчаар явуулахаар төлөвлөн шаардлагатай арга хэмжээнүүдийг авчээ.
1942 оны 10 дугаар сард Дорноговь аймаг дахь ДЯЯ-ны хэлтсээс 9 дүгээр отрядын гүйцэтгэх тасагтай хамтран хилийн чанадад тусгай үүрэг гүйцэтгүүлэхээр Н.Малайхүү, Д.Бүлтгэр нарыг хил нэврүүлсэн боловч Японы тагнуулд баригдан Модонгийн сүмд хүргэгджээ. Энэ тухай ДЯЯ-ны Дорноговь хэлтсийн дарга ахлах майор Б.Дэнзэнваанжил ДЯЯ-нд: “... нууц нарын биес улсын хилээс 50 км газар хоёр хоног яваад Дөрвөдийн хошууны Алаг шанд хэмээх газар японы тагнуулын ажилтай, Монгол Зонрой хэмээх хүнд баригдаж, улмаар Японы тагнуулын газрын салбар болох Модонгийн сүмд хүргэгджээ ...” хэмээн мэдэгдсэн байна.
Н.Малайхүү, Д.Бүлтгэр нар Модонгийн сүм дэхь тагнуулын салбарт хүргэгдэн очиж мэдүүлэхдээ “ДЯЯ-наас зааварласан ёсоор Сулинхээрийн отрядын дарга Цэдэвийн даалгавраар Занширтай холбоо барихаар явна” хэмээн мэдүүлжээ. Үүний дараагаар японоос нууц нарыг өөрийн тагнуулд элсүүлэн буцаажээ. Модонгийн сүм дэхь Япон тагнуулын салбараас Н.Малайхүү, Д.Бүлтгэр нарт Сайншанд, Замын-Үүд зэрэг газруудад Зөвлөлт улсын цэрэг буй эсэх, түүнчлэн Монголын дотор ямар нэг сонин зүйлийн мэдээ материалыг мэдэж, 1942 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Дөрвөдийн хошууны бөгөөд Монгол Улсын хилээс 50 гаруй км цааш Баян Номгон ууланд уулзахаар ирэхдээ хэлж мэдүүлэх хэрэгтэй хэмээн даалгаврыг өгчээ.
Хилийн чанадад тусгай үүрэг гүйцэтгэхээр явуулсан Н.Малайхүү, Д.Бүлтгэр нар нь Японы тагнуулын салбарт давхар элсэгдэн буцаж ирсэн нь УАХБ-д Дотоод Монголд суурин нууц нэгээр нэмэгдэх эх үүсвэрийг тавьж өгчээ. 1943 онд ДЯЯ-ны Дорноговь хэлтсээс Н.Малайхүүг хилийн чандад удаан хугацаагаар суулгах төлөвлөгөөг гаргасан байна. Уул төлөвлөгөөг сайтар зохион байгуулахын тулд ДЯЯ-ны Дорноговь аймаг дахь хэлтсээс Н.Малайхүүгийн хамт гадаадад явж байсан нууц Д.Бүлтгэрийг нийтийн өмнө дайчлан баривчилж, Н.Малайхүүг гэртээ байхгүй үеийг тохиолдуулан гэрт нь ирж гэр бүлийнхэнд нь түүнийг баривчлах тогтоолыг уншиж танилцуулжээ.
Ийнхүү Н.Малайхүү япон тагнуулаар элссэн нь илчлэгдсэн, Д.Бүлтгэрийг ДЯЯ-наас баривчилсан бөгөөд би оргож ирсэн хэмээх халхавчаар хилийн чанадад гаргаж суурин нууцаар суулгах ажиллагааг амжилттай хэрэгжүүлсэн байна. Н.Малайхүү Дотоод Монголын Модонгийн сүм болон Баруун Сөнөд дэхь Японы тагнуулын салбарт суурин нууцаар ажиллаж байгаад 1945 оны эхээр сураггүй алга болжээ.
Түүний тухай Японы тагнуулын салбарт ажиллаж байгаад 1945 оны 7 дугаар сард баригдаж ирсэн Ч.Пэрэнлэйжамцаас өгсөн мэдүүлэгт: “...Малай бол гуч гаруй насны цайвар шар царайтай, нуруугаар өндөр, буурал толгойтой байсан. Малай сүүлд Баруун Сөнөд хошууны төв дэхь японы тагнуулын салбарт ажиллаж байгаад 1945 оны хавраас үзэгдэхгүй болсон, дам сонсвол Завсарын шоронд байгаа сураг байсан ...” хэмээсэн бол тагнуулын үүрэг гүйцэтгэж байгаад япончуудад баригдан Завсар дахь шоронд хоригдож байгаад 1945 оны 8 дугаар сард чөлөөлөгдсөн Гоогийн Түмэнжаргалын бичиж үлдээсэн дурдатгалд: “Миний бие Завсарын шоронд хоригдож байх үед Малайхүү гэдэг хүнийг япончууд буудаж алсан тухай яриа сонсогдож байсан. Хоригдож байсан хүмүүс чухал хүн алагдлаа гэлцэж байсныг бодоход нэлээд сайн хүн байсан болов уу гэж боддог ...” хэмээжээ.
1940 оны үед БНМАУ-аас Дотоод Монголд суулгасан суурин нууцууд нь ихэвчлэн эх орноосоо уравсан хийгээд хилийн чанадад оргон гарсан хүмүүсийн мэдүүлгээр илчлэгдэж байсан төдийгүй Н.Малайхүүг хэн илчилсэн, юуны учраас Завсарын шоронд хоригдох болсныг тодруулах архивын баримт сэлт байхгүй байна.
Суурин нууц Намдагийн Малайхүү гэж хэн байв?
Намдагийн /Дамбадаржаа/ Малайхүү нь 1908 онд Дорноговь аймгийн Өргөнцэцэрлэг сумын нутагт Баян хэмээх газар төрсөн. 1933 онд эцэг Дамбадаржаа /55 настай/, эх Сосорбурам /54 настай/, эрэгтэй дүү Ванчигжав /17 настай/ нарын хамт амьдарч байжээ. 1923-1929 онд мөн аймгийн Амгалантын хийдийн өндөр Дашдорж гэгч хүнд шавь орж лам болсон бөгөөд 1929 онд өөрийн сайн дураар хар болжээ.
1936-1938 он хүртэл Дорноговь аймгийн клубт жүжигчнээр ажиллаж байгаад 1938 оноос Улаанбаатар хотын соёлын ордонд тайзны эрхлэгчээр, Дорноговь аймгийн клубын дарга, 1939 оны 7 дугаар сараас 1940 оны 11 дүгээр сар хүртэл Улаанбаатар хотын төв театрын коминдант буюу мөнгөний нярвыг хавсран ажиллаж агаад ар гэрийн гачигдлаар халагдаж хөдөө орон нутагтаа буцжээ. 1941 оноос Дорноговь аймаг дахь ДЯЯ-ны хэлтэстэй хамтран ажиллаж, нууцаар хил зөрчих, дүрвэн нүүх, Японы тагнуулын хорлон сүйтгэх үйл ажиллагааг илчилсэн үнэтэй мэдээ мэдээллийг өгч байжээ.
Тагнуулч Н.Малайхүүгийн эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын төлөө амь, бие хайргүй зүтгэсэн юм.
ТЕГ-ын Тусгай архивын судлаач На.Батболд
Тагнуулын байгууллагын үүсэл хөгжил
Монголчуудын тагнуулын хөгжил, сэтгэлгээний түүх нь эдүгээгээс 2200-аад жилийн тэртээд буюу монгол угсааны анхны төрт улс болох Хүннү улсын үеэс эхлэлтэй.
Хүннү гүрний тагнуулын үйл ажиллагааны арга, тактикийг дараагийн улсууд нь өвлөн авч улам боловсронгуй болгон хөгжүүлж байсан байна.
Хүннү, Сяньби нартай түүх, соёлын залгамж холбоотой, Нирунчуудын үгийн санд “алгинч, харгулсан” зэрэг хэллэг байжээ. Алгинч гэдэг нь мэдээ авагч, туршуулч, мэдээ чимээг сураглах хүн, тагнуул, хаймсуур, харуул гэсэн утгатай хэмээн тайлбар толиуд болон Монголын нууц товчоонд дурдсан байдаг.
Тэмүжин Хамаг Монгол Улсын хаанаар өргөмжлөгдсөнийхөө дараа тагнуулын ажил эрхлэх “туршуулч” хэмээх тушаалыг буй болгож, Монголын тулгар төрийн тагнуулын байгууллагын зохион байгуулалтын суурийг тавьжээ. 1189 оны орчим орчин цагийн Монгол Улсын тусгай албаны тагнуулын ажилтны эхлэл туршуулч нэртэйгээр тавигдав.
Чингис хаанаас нэгдсэн Монгол Улсыг байгуулах зорилгоо биелүүлснийхээ дараа засаглалын тогтолцоогоо зохион байгуулахдаа тагнуулын ажлыг цэрэг, улс төр, эрүүгийн чиглэлээр төрөлжүүлж, улс төрийн гадаад тагнуулын үүргийг гадаад харилцааны асуудал эрхэлсэн нэгжид, улс төрийн сөрөх тагнуулыг хишигтэнд, цэргийн тагнуулыг цэргийн бодлогын газарт, эрүүгийн чиглэлээр зохиох гүйцэтгэх ажлыг улсын дээд заргачийн эрх, үүрэгт хамааруулсан байна.
Тэрхүү тагнуулын тогтолцоог Хубилай хаан 1271 онд өөрчилж, цэргийн болон улс төр, эрүүгийн чиглэлээр зохиох тагнуулын ажил, үүргийг Нууц бичгийн яаманд төвлөрүүлжээ.
Чингис хаан, түүнийг залгамжлагчид төрийн аюулгүй байдалд анхаарал тавьж байсны зэрэгцээ гадаад орнууд руу хийсэн аян дайны амжилт нь байлдах тухайн газар, орны тухай урьдчилсан судалгаа, тухай нутаг орны ард иргэдийн дунд өөрсдийг нь дэмжих, туслах хүчнийг буй болгох үйл ажиллагаанаас хамаарч байв. Энэ нь уг ажлыг эрхэлдэг тагнуулын хүчтэй байгууллага байсныг гэрчилнэ.
XIV зууны II хагасаас XIX зууны үед монголчууд нь тагнуул, сөрөх тагнуулын ажлыг хэрхэн зохион явуулж байсан нь тодорхойгүй бөгөөд харин XVII зууны үед Зүүн гарын Ойрадын Галдан бошгот хаан Манж чин улсын нийслэл Бээжинд 200 орчим хүнтэй суурин тагнуулчдыг ажиллуулж байсан мэдээ байдаг.
Энэ үед тагнуулын ажлыг цэргийн болон гадаад харилцааны асуудал эрхэлсэн нэгжээс эрхлэн гүйцэтгэж байжээ.
ДХГ-ын Ерөнхий дарга асан Даваагийн Намсрайн тухай
Эх сурвалж: Тагнуулын Ерөнхий Газар
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...