Торонд орсон бар уу, эсвэл ялаа юу?
- schedule 2014 оны 7 сарын 18
- chat_bubble 0
- Хятадын үзэгчдийн хайртай хөтлөгч, царайлаг залуу гэгддэг Руиг нэвтрүүлэг эхлэхийн өмнөхөн Хятадын прокурорын албаныхан нэвтрүүлгийн продюсорт хэлэлгүйгээр телевизийн байрнаас шууд баривчлан авч явсан байжээ-
Хятадын төрийн төв телевизийн “Эдийн засгийн мэдээ” нэвтрүүлгийн өнгөрсөн Баасан гаригийн эфир эхлэхэд уг нэвтрүүлгийн гол хөтлөгч Руи Ченгангийн суудал эзэнгүй байлаа. Гэхдээ энгэрийн микрофон нь ширээн дээр тавиастай байв. Хятадын үзэгчдийн хайртай хөтлөгч, царайлаг залуу гэгддэг Руиг нэвтрүүлэг эхлэхийн өмнөхөн Хятадын прокурорын албаныхан нэвтрүүлгийн продюсорт хэлэлгүйгээр телевизийн байрнаас шууд баривчлан авч явсан байжээ. “Эдийн засгийн мэдээ” нэвтрүүлгийг 10 сая үзэгч үздэг гэсэн судалгаа байдаг.
36 настай Руиг авлигын хэрэгт холбогдуулан өнгөрсөн тавдугаар сараас холбогдох байгууллага шалгаж эхэлсэн бөгөөд ийнхүү долдугаар сарын 11-ний өдөр баривчлан саатуулсан байна. Тавдугаар сард Руигийн ажилладаг CCTV-2 сувгийн захирал авлига авсан хэргээр баривчлагдаад байгаа бөгөөд Руигийн саатуулагдсан захирлын хэрэгтэй холбоотой гэж хэвлэлүүд бичиж байна.
Руи Ченганг бол Хятадын телевизийн алдартай одын нэг. Англи хэлийг ус цас мэт эзэмшсэн Руи Бээжингийн Гадаад харилцааны их сургуулийг төгссөнийхөө дараа CCTV-International буюу англи хэл дээрх сувагт 2000 онд ажилд орж, найман жилийн дараа санхүү, эдийн засгийн төрөлжсөн мэдээллийн CCTV-2 руу шилжсэн. Эдийн засгийн нэвтрүүлгийн хөтлөгч олонд танигдсан. Тэрбээр зөвхөн телевизийн хөтлөгч төдий бус нийгмийн сүлжээний гол баатрын нэг. Хятадын Weibo нийгмийн сүлжээнд түүнийг найман сая хүн дагадаг. Түүний бичиж, 2009 онд хэвлүүлсэн “30 насанд амьдрал эхэлдэг” ном нь эхний сардаа 200.000 хувь борлосон. Энэ ном нь хятадын залуу үеийнхний ширээний ном болсон. Дэлхийн нөлөө бүхий улстөрчид, бизнесмэнүүдээс ярилцлага авч байсан, Давосын эдийн засгийн форумд модератораар ажилласан гээд нэг үгээр хэлбэл тэрбээр шинэ цагийн Хятадын од яах аргагүй мөн.
Бээжингийн Хориотой хотод нээгдсэн Starbucks кофе-шопийг нүүлгэх кампанит ажлыг 2007 онд өрнүүлж санасандаа хүрч байсан юм. Түүний энэ үйлдлийг Хятадын олон нийт хоёр янзаар хүлээж авсан. Зарим нь дэлхийн глобалчлалыг эсэргүүцлээ гэж байхад нөгөө хэсэг нь өв соёлоо хамгаалсан үндэсний үзэлтэн хэмээн магтаж байсан юм.
Энэ оны эхээр Давосын эдийн засгийн форумын Хятадын хэлэлцүүлгийг хөтлөн явуулсан Руи Бээжингээс “economy” ангиллаар нисч ирсэн Бээжин дэх АНУ-ын Элчин сайд Гарри Локк-д “АНУ Хятадад өртэй байхад “economy” ангиллаар нисч ирсэн”-ийг сануулсан нь тухайн үедээ шуугиан тарьж байсан юм. Мөн 2010 онд G20-ийн уулзалтын дараах хэвлэлийн хурлын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Өмнөд Солонгосын сэтгүүлчид асуулт асуух эрх өгөхөд тэрбээр гараа өргөн босч “Би үнэндээ хятад хүн л дээ, гэхдээ бүх Азийг төлөөлж чадна гэж бодож байна” хэмээн хэлээд асуултаа тавьж байсан нь мөн л шуугиан тарьж байжээ.
Хятадын өнөөгийн тэргүүн Си Жинпин албан тушаалаа авсанаас хойш авлига, хээл хахуультай дайн зарлаж байгаагаа зарласан. “Хээл хахууль авлигатай эрс шийдэмгий тэмцэнэ. Энэ тэмцэл барыг ч, ялааг ч тойрохгүй” хэмээн Си мэдэгдэж байсан юм. Төрийн мөнгөөр дайллага цайллага хийх, үнэ бүхий бэлэгт бэлт өгөхийг хатуу хориглоод байгаа. Залуу од Руи Си Жинпиний тавьсан торонд орсон бар уу, эсвэл ялаа юу гэдгийг одоогоор хэлэхэд эрт байх шиг байна.
Бэлтгэсэн А.ТУЛГА
Эх сурвалж: WWW.NEWS.MN
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...