Засгийн газрын ээлжит хуралдаан болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ
- schedule 2014 оны 4 сарын 22
- chat_bubble 0
“Хүний хөгжлийн сангаас хүүхдэд мөнгө олгох тухай журам”-д өөрчлөлт орууллаа
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас хүүхдийн мөнгө олгох ажлыг иргэдэд чирэгдэлгүй, олон шат дамжлагагүй олгоход анхаарч ажиллаж, 2013 оны байдлаар 960 мянга 287 хүүхдийн дансанд сар бүр мөнгийг нь байршуулжээ.
Оны сүүлийн сар буюу 12 дугаар сард төрсөн 2100 хүүхэд хүсэлтээ гаргасан боловч энэ сарын мөнгөө авч чадаагүй байна.
12 дугаар сард шинээр төрсөн хүүхдүүд тухайн сардаа багтаан иргэний бүртгэлийн байгууллагад бүртгүүлэн, банкинд өргөдөл хүсэлтээ гаргаж байгаа ч мэдээлэл нь нийгмийн халамжийн байгууллагад ирэх, халамжийн байгууллагаас Төрийн сан, Монгол банкинд хүргүүлэх, арилжааны банкуудад мөнгийг шилжүүлэхэд шаардагдах хугацаанаас хамаарч тухайн тухайн ондоо багтаж хүүхдийн мөнгөө авч чаддаггүй ажээ.
Иймд энэ асуудлыг зохицуулахаар “Хүний хөгжлийн сангаас хүүхдэд мөнгө олгох тухай журам”-д өөрчлөлт оруулж, иргэн хүсэлтээ гаргасан боловч байгууллага хоорондын мэдээлэл солилцох, санхүүжилтийг шилжүүлэх зэрэг иргэнээс үл хамаарах шалтгаанаар тухайн ондоо багтан хүүхдийн мөнгө нь дансанд нь ороогүй тохиолдолд дараа оны төсвөөс нөхөн олгохоор боллоо.
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дагалдуулан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Хөрөнгө оруулалтын орчныг таатай болгох чиглэлээр шинэ хууль, дүрэм, журмууд батлагдаж байгаа боловч, эрдэс баялгийн салбарын түүчээ болсон геологи хайгуулын салбарт гадаад, дотоодын шинэ хөрөнгө оруулалт орж ирэх боломжгүй байна. “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хууль, Хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгохыг хориглох тухай” хууль, Засгийн газрын 191 дүгээр тогтоол зэрэг хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, тогтоомжуудын улмаас хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохгүй болж хайгуулын ажилд дорвитой шинэ хөрөнгө оруулалтыг татаж чадахгүй байна. Түүнчлэн хайгуулын ажилд оролцдог өрмийн геофизикийн зэрэг мэргэжлийн компаниудын үйл ажиллагаа зогсонги байдалд оржээ.
Иймд хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгох ажлыг эхлүүлэхээс гадна уул уурхайн салбарт дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг сэргээх, тус салбарын урт хугацааны хөгжлийн үндсийг бэхжүүлэх зорилгоор Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг Уул уурхайн яамнаас боловсруулжээ.
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа 2006 оны суурь хуулийн үндсэн зарчим болон хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрхийг хөндөхгүй байх гэсэн зарчмуудыг баримталжээ.
Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ
Тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эхнэр, нөхрийн аль нэг нь тэтгэвэр тогтоолгосноос хойш нас барсан тохиолдолд гэр бүлийн хүн нь нөхөр буюу эхнэрийнхээ амьд сэрүүн байх хугацаанд авч байсан тэтгэврийг үргэлжүүлэн авах харилцааг зохицуулах Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ, Засгийн газрын гишүүн С.Эрдэнэ санаачлан боловсруулсан. Энэ хуулийн төслийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцээд зарим асуудлуудад анхаарч, тооцоо судалгаа хийсний үндсэн дээр эцэслэж шийдвэрлэх нь зүйтэй гэсэн саналыг төсөл санаачлагчдад уламжлахаар тогтлоо.
Товч мэдээ
- Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
-Засгийн газрын үйл ажиллагааны талаарх 3 дугаар сарын хураангуй мэдээллийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг гишүүдэд танилцууллаа. Энэ сард Засгийн газар 4 удаа хуралдаж, 71 асуудал хэлэлцэн, 21 асуудалтай танилцаж, Засгийн газрын тогтоол 33, тэмдэглэл 58 гарчээ.
-Зөрчлийн тухай хуулийн төсөл болон холбогдох хуулийн төслүүдэд Засгийн газрын гишүүдийн саналыг тусгаж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...