Казахстан улстай агаарын тээврийн харилцаагаа сэргээхээр боллоо
- schedule 2014 оны 4 сарын 15
- chat_bubble 0
Монгол Улс БНКазУ-тай тээврийн салбарт хамтарч ажиллах асуудлаархи хоёр талын ажлын хэсгийн уулзалт энэ сарын 7-8-ны өдрүүдэд Астана хотноо болов. Уулзалтад Монгол Улсыг төлөөлж ЗТЯ-ны дэд сайд Х.Ержан, Казахстан улсыг төлөөлж тус улсын Тээвэр, харилцаа холбооны дэд сайд Азат Бектуров нар оролцож, хоёр орны агаарын болон автотээврийн салбарт хамтран ажиллах талаар ярилцлаа. Уулзалтад Монгол Улсаас БНКазУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Сүхээ оролцсон байна.
Энэ үеэр Зам, тээврийн дэд сайд Х.Ержан Казахстаны Тээвэр, харилцаа холбооны сайд Женис Касымбектэй уулзаж, хоёр орны зам, тээврийн харилцааны өнөөгийн байдал, цаашдын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Сайд Женис Касымбек Казахстан Улс Монгол Улстай зам, тээврийн салбарт бүхий л чиглэлээр хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж, Монгол Улсын Зам, тээврийн сайд А.Гансүхийг ирэх тавдугаар сард Астана хотноо зохион байгуулахаар төлөвлөж буй олон улсын транзит тээврийн бага хуралд урьж буйгаа дуулгалаа.
Дэд сайд Х.Ержан тэргүүтэй төлөөлөгчид Казахстаны галт тэрэгний зүтгүүрийн үйлдвэртэй танилцаж, хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов. Хоёр тал зогсонги байдалд ороод байсан агаарын тээврийн харилцаагаа сэргээх асуудлаар санал нэгдэж, санамж бичиг байгуулсан байна. Түүнчлэн удахгүй Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж буй хоёр орны Засгийн газар хоорондын комиссын хуралдааны үеэр гарын үсэг зурахаар тохиров. Мөн хоёр талын эрх бүхий байгууллагууд нислэгийн маршрут, тус тусын нислэг үйлдэх авиакомпаниудаа томилж, харилцан мэдэгдэхээр тогтов.
Автотээврийн харилцааны хувьд хоёр тал зорчигч тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулах, зорчигчдын аюулгүй байдлыг хангах асуудлаар санал солилцож үйлчилгээний чанарыг сайжруулахад хамтран ажиллахаар тохирлоо. Казахстан улс зорчигч тээврийн үйлчилгээний автобусыг Монгол Улсын мөрдөж буй стандартад нийцүүлэх, автобусаар үйлчлэх компанийг ойрын хугацаанд шалгаруулж манай талд мэдэгдэхээр болов. Монголын тал олон улсын зорчигч тээврийн стандартын шаардлагыг хангасан том оврын автобус үйлчилгээнд явуулах тухай шийдвэрээ тус улсад танилцууллаа.
Монгол Улсын Зам, тээврийн дэд сайд Х.Ержан, Бүгд Найрамдах Казахстан Улсын Тээвэр, харилцаа холбооны дэд сайд Азат Бектуров нар хоёр талын хэлэлцэн тохирсон асуудлаарх хамтран ажиллах тухай протоколд гарын үсэг зурав.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...