Б.Дунгаамаа: Програмд хүний биеийн хэмжээг оруулахад дээлийн бүх хэмжээс автоматаар гарч, үлгэр нь бэлэн болдог
- schedule 2013 оны 12 сарын 19
- chat_bubble 5
Уламжлалт монгол хувцасаараа залуус гоёцгоож эхэллээ. Хийц, загварт нь өөрчлөлт орж өнөөгийн дээлийн хэв маягт аажим шилжсээр байна. Монгол үндэсний хувцас биед эвтэй тул орчин үеийн болон хувьсч, ууж, хантааз, хүрэмний хэрэглээ багасч, монгол дээлийг европ хийцийн малгай гуталтай хоршин хэрэглэдэг болжээ. Үндэсний монгол дээлээ орчин цагийн загвараар бус уламжлалт аргаар нь хийхэд доктор/Ph.D/ Б.Дунгаамаагийн бүтээсэн программ яах аргагүй хэрэгтэй. Тиймээс бид түүнтэй энэхүү бүтээлийнх нь талаар ярилцлаа.
-Тантай уулзсандаа баяртай байна. Бид сониныхоо уншигчдад таны зохиосон “Дээл 1” программыг танилцуулах гэсэн юм. Та энэ тухайгаар ярихгүй юу?
-Монгол дээлийн судалгаа, боловсруулалт сэдвээр 2004 онд эрдмийн зэрэг хамгаалж, судалгааныхаа үндсэн дээр “Deel 1” программ зохион бүтээсэн. Энэ программд хүний биеийн хэмжээг оруулахад тухайн хүний дээлийн бүх хэмжээсийг автоматаар гаргаж, үлгэр нь бэлэн болдог юм. Дээлийн эсгүүрийг европ хувцас шиг томъёолсон гэсэн үг. Ингэснээрээ дээлийг европийн загварын ертөнцөд мөр зэрэгцэн очиж барууны хувцас загварт ойртуулж өглөө.
-Таныг багшлаж байгаа гэж байсан..?
-Би одоо ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн дизайн, технологийн сургуульд зөвлөх профессороор ажиллаж, Үндэсний хувцасны зохион бүтээлт, технологи, загвар үзүүлбэр, тайзны урлаг зэрэг хичээл зааж байна. Мөн оюутнуудын бакалавр, магистрын ажлыг удирдаж, Монголын үндэстэн, ястнуудын хувцасны судлагаа хийдэг. Оюутнуудтайгаа хамтарч 12 үндэстний хувцасны зохион бүтээлтийн аргачлалыг боловсруулаад байна.
-Үндэстэн ястаны хувцасыг урлана гэдэг яах аргагүй судалгаа шаардагдана..?
-Тэгэлгүй яахав. Дөрвөд дээлний судалгаа их бий. Захыг нь том болгох бусад деталийг янз бүрээр хийдэг. Зохион бүтээлтийн онцлог нь байгаа юм байгаагаараа үлддэг. Жишээ нь дөрвөд дээл гэхэд яг л ийм байдаг юм гэхэд зохион бүтээгээд судлахад энгэр, зах, нударга зэрэг нь ямар байсныг олон музей, архилогийн судалгаа зэрэгт тулгуурлаж гаргадаг. Гэтэл хүмүүс өөрсдийн дураар өөрчилсөөр байгаад сүүлдээ яг ямар байсан нь мэдэгдэхээ больсон.
-Энэ программын тусламжтайгаар загварын дээлийг хийх боломжтой юу?
-Энэ программ нь зөвхөн дээлний үлгэрийг зурдаг. Ер нь загварын дээлийг үндэсний хувцаснаас иш татаж авсан орчин үеийн хувцас гэж хэлүүштэй санагддаг Үндэсний хувцсаа судлаад, ул суурьтай хийх бус европ хувцасны зохион бүтээлт дээр үндэсний хувцасны элемент оруулсан гэсэн үг юм. Үндэсний хувцас гэж хэлж байгаа бол үндсэн зохион бүтээлт, онцлогийг нь хадгалах хэрэгтэй. Ингээд байвал хэдэн зуун жилийн дараа дараа дөрвөд хувцас ямар байсан, захчин нь ямар байсныг мэдэхээ больж, шал өөр байсан гээд яриад зогсож байх вий. Тэгэхгүйн тулд судалгааны ажлыг одооноос хийх хэрэгтэй. Үүний төлөө оюутнуудтайгаа ажиллаж, үндэстэн, ястаны хувцсыг судалж, язгуур зохион бүтээлтийг нь гаргаж үлдээх юмсан гэж зүтгэж байна.
-Монгол дээлийг өмсөөд явахад хүртэл биед эвтэй нүнжигтэй сайхан байдаг. Та энэ программыг хийсэн хүний хувьд дээлийн загвар зохион бүтээлтийн онцлогийн талаар ярихгүй юу?
- Гол онцлог нь нарийн, дунд, өргөн гэсэн хэмжээгээр хийж болно. Үүнийг томъёолоод гаргасан байгаа. Хөдөө орон нутаг өмсөж байгаа дээлийн сулын зай өөр бол хотод нэг өөр байдаг. Залуучуудын хувьд биеийн хэлбэрийг сайхан тодотгосоныг сонгодог юм. Иймээс ардаа нэг оноо хийгээд нарийн бага хэмжээтэй болгоод өмсөж болно. Би анх дээлийн стандартыг боловсруулж гаргасан. Дээл нь их, дунд, бага гэсэн гурван төрлийн хэмжээтэй. Их нь хөдөө орон нутагт морь унах өөр бусад ажлаа хийхэд эвтэйхэн, дунд нь хот суурин газрын хүмүүс өмсөөд явахад эвтэйхэн байхад голлодог. Бага нь залуучуудад зориулсан хагас бариу загвартай. Монгол дээлийг дээр үеэс судлаж ирсэн эрдэмтэд “Дээлийг өмсөөд явж байхад эмэгтэй өндөр нарийн, эрэгтэй нь сүрлэг харагддаг” гэдгийг судлаад тогтоосон. Энэ талаар жуулчдын тэмдэглэлд хүртэл байдаг.
- Тэгвэл ганц Монголчууд судлаагүй байх нь..?
- Е.Б.Коблякова европ хувцасны талаар. Ph.D Д.Түмэнболд Хувцас зохион бүтээлтэнд СAD систем ашиглах нь сэдвээр судалгаа хийсэн. CAD систем гэдэг нь европ хувцас загварт хэрэглэдэг. Х.Нямбуу гуай үндэсний хувцасны архелогийн талаас нь ихээхэн судалгаа хийсэн. Ер нь Монголчууд Хүннү гүрнээс эхлээд монголын өвөг дээдэс Т хэлбэрийн хувцас өмсөж ирсэн. Чингис хааны үед ч өмсөж байсан боловч одоо л энгэр захыг нь манж гэж яриад байна.
-Энэ талаар тодруулаач..?
-Хүмүүсийн яриад байгаа мөрөлж энгэртэй дээлийг хэрэглэж байсан одоо ч хэрэглэж байгаа. Энэ нь дээр үеэс уламжлагдаж ирсэн байдаг. Үүнээс гадна босоо захтай болон мөрөлж энгэртэй дээлийг аль алиныг нь ашигладаг л байсан. Энэ нь түүхэн судалгаанд хүртэл байдаг. Архелогийн судалгаанд назирикийн арьсан дээлийн судалгаа гэж бий. Назирик гэдэг нь их дээр үед байсан. Тэдний хувцас нь торгон, мөрөлж энгэртэй бас дөрвөлжин энгэртэй дээл ч бий. Мөрөлж энгэртэй дээл өмсөөд дайн байлдаанд явахгүй шүү дээ. Иймээс битүү, захтай хувцас байсан гэсэн үг. Мөрөлж энгэртэй дээл Киданы үеэс уламжлагдаж ирсэн. Мөн Хүнүү, Жужан зэрэг гүрнүүд ч Т хэлбэртэй хувцасаа өмсдөг байсныг архелогийн судалгаагаар тогтоосон. Харин Түрэгүүдийн хувцас нь буруу тийшээ харин Хүннү, Кидан нар буруу тийш дардаг байсан. Дугуй цахарын хадан оршуулганаас босоо захтай хувцас гарч ирсэн байдаг. Дугуй цахар гэдэг нь X-XII зууны үе шүү дээ. Босоо захтай дээлийг Манжийнх л гээд байдаг. Гэтэл Манжид 200 жил дарлагдахад бидний эдлэж хэрэглэж байсан зүйлийг тэд л ашиглаж байсан юм. Тэрнээс биш дарлагдаж байгаа улс яасан гэж хувцас хэрэглэлийг ашиглах билээ дээ. Гол нь өвлөгдөж ирсэн зүйлийнхээ талаар баримттай ярих хэрэгтэй. Манай үндэсний хувцасны талаар Хятадууд маш судалгаа хийж байгаа. Гэтэл бид өөрсдийн өв соёлоо ингээд үгүйсгээд байж болохгүй шүү дээ.
-Сонирхолтой ярилцлага өгсөнд баярлалаа.
“ДЭЭЛ 1.0” ПРОГРАММ
Монгол дээлийн суурь үлгэрийг байгуулах програмыг хэрэглэснээр захиалга хүлээн авагч нь монгол дээл захиалагчийн дээлийн стандартад заасан үндсэн 23 хэмжээг програмд оруулж, дээлийн эсгүүр үлгэрийг гаргах боломжтой. Уг програмын тусламж цэсэнд монгол дээлийн суурь үлгэрийг зохион бүтээлтийн томъёо болон онолын үндсийг оруулж өгсөн. Програм нь оёдлын жижиг дунд уйлдвэр, захиалга үйлчилгээний газар, бие дааж үйлдвэрлэгч болон сонирхогчдод хэрэглэхэд хялбар байхаар зохиогдсон юм.
Эрт дээр үеэс уламжлагдан ирсэн дээлийг эсгэдэг бурханы тигийн онол, дээлнээс дээл, ямх, сөөм, мухар сөөм, төө, үзүүр тохой, дэлэм, алд болон метрээр өнөөдрийг хүртэл хэмжигдэж ирсэн. Дээрх уламжлалт аргаар эсгэгдэж буй дээлийн хэлбэр, галбир, хэмжээ түүхэн уламжлалд ямар ч өөрчлөлт оруулахгүйгээр хувцасны зохион бүтээлт, технологийн суурь үлгэрийг байгуулах програм хангамжийг олон улсын стандартын шаардлагын дагуу боловсруулав.
Загвар зохион бүтээгчийн зүгээс уг програмтай энгийн хялбар бүтэцтэй хэрэглэгчийн интерфейсээр дамжуулан харьцах бегөөд, үр дүнгийн гүйцэтгэлийг мөн интерфейсээр дамжуулан хүлээн авах тул хэрэглэгчийн хувьд аналитик геометр, програмчлалын хэлний болон хувцас зохион бүтээх нэгдсэн аргачлал /ХЗБНА/-ЫН талаар ч нарийн мэдлэг шаардахгүй.
“ДЭЭЛ 1.0” ПРОГРАММЫН ХАРАГДАХ БАЙДАЛ, ҮНДСЭН ЦЭС
Тухайн програмын математик хангамжийг өгөгдлийн сантай холбох процедурыг Делфи програм дээр боловсруулсан бөгөөд хэрэглэгчийн интерфэйс нь файл, тохируулга, тусламж гэсэн үндсэн гурван цэс, биеийн хэмжээс, тэмдэглэл, шугамын тэгшитгэл гэсэн туслах гурван цэсэзс бүрдэнэ. Үүнд:
1. Файл цэс. “Дээл 1.0” програмын шинэ зургийн талбар нээх, боловсруулсан дээлийн үлгэрийг хадгалах, хэвлэх, програмаас гарах үүрэг бүхий функцуудтэй.
2. Тохируулга цэс. Боловсруулсан дээлийн суурь үлгэрийг хэвлэх цаасны хэмжээнд тохируулан хэсэгчлэн хуваах үүрэгтэй функцыг агуулна.
3. Тусламж цэс. Тухайн програмын холбогдолтой мэдээлэл болон ашиглах зааврыг өөртөө агуулна.
Монгол дээлийн суурь үлгэрийг зурах
Биеийн хэмжээс дэд цэсэнд хэрэглэгч шаардлагатай биеийн хэмжээсүүдийг “Дээл 1.0” программд гараас оруулан тодорхой сонголтуудыг хийж pencil товчлуур дээр дарснаар дээлийн суурь үлгэрийг зурна.
Монгол дээлийн суурь үлгэрийг детальчилан зурах
Биеийн хэмжээс дэд цэсэнд байрлах хэсэгчилэн гаргах гэсэн хэсэгт хэрэглэгч монгол дээлийн суурь үлгэрийг хэсэгчилсэн байдлаар дээлийн энгэр, гадаад энгэр, ар хэсгийг детальчлан зурж хадгалах мөн хэвлэж авах бололцоотой.
Дээлний зах, энгэр, суганы ухлаадасны эсгүүрийн шугамын тэгшитгэлийг тодорхойлох
Шугамын тэгшитгэл дэд цэсэнд байрлах хэсэгт хэрэглэгч монгол дээлийн зах, энгэр, суганы ухлаадасны эсгүүрийн шугамын тэгшитгэлийг хүссэн нарийвчлалтайгаар тодорхойлох, стандарт хэмжээнээс өөр. хэмжилтийн утгуудыг гараас оруулан дээлийн зах, энгэр, суганы ухлаадасын эсгүүрийн шугамын тэгшитгэлийг шинэчилэн гаргаж хэрэглэх бололцоотой нь үндэсний хувцасны талаар судалгаа хийж байгаа судлаачдад хэрэглэх боломжийг нээж өгч байгаа юм. Програмын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг dungaam@yahoo.com хаягаар хандан авч болно.
Б.БЭЛГҮҮН /“Бизнесийн мэдээ” сонин/
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...